ЗАВХАН: Баданга хүдрийг олон нийтэд таниулж хамгаалах ажлыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймагт баданга хүдэр эрт үеэс
байршин нутаглаж ирсэн тухай Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай
газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Тус захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутгуудад ажиглалт, судалгааг жил бүр хийдэг. Сүүлийн жилүүдийн ажиглалтаар хүдрийн мөр, баас зэрэг нь Ямаатын эх орчмын ойд тааралдсан ба биетээр харсан тохиолдол байхгүй байна.
Тиймээс баданга хүдрийн тоо толгойг судлан тогтоож хамгаалах, өсгөж үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах нь чухал юм.
Баданга хүдрийг ажиглалтаар маш цөөн тоо толгой байгааг бусад мэргэжлийн байгууллагууд олон улсын төслийн дэмжлэгээр явуулсан судалгааны баримтад дурдсан байна. Баданга хүдрийн тоо толгой цөөрч, ховордсон нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал хууль бус агнуур, ойн түймэр гол нөлөө үзүүлсэн бөгөөд ойрын гурваас таван жилдээ хүдэртэй биеэр болон ул мөртэй нь тааралдаагүй гэж нутгийн иргэд, туршлагатай байгаль хамгаалагчид ярьж байна.
Баданга хүдэр нь Монгол Улсын Амьтны тухай хууль, Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдах тухай конвенц (CITES)-ийн II хавсралтад, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны хөхтөн амьтдын ховордлын зэргийг үнэлэх шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг” гэсэн ангилалд хамрагдсан байдаг.
Мөн Монгол орны хөхтөн амьтдын Улаан дансанд “Устаж болзошгүй” ангилалд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль болон олон улсын хэмжээнд түүний тоо толгой, хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулж түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэх зүй зохистой менежментийг төлөвлөх шаардлагатай байгааг 2020 онд Завхан аймагт хэрэгжсэн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл дүгнэж байсан.
Ингээд Тосонцэнгэл суманд “Баданга хүдэр”-ийг сэргээн нутагшуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байсан ч үр дүнд хүрээгүй байна. Уг нь баданга хүдрийг сэлгэн нутагшуулснаар тус бүс нутгийн экосистемийн үйлчилгээг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалахад маш чухал ач холбогдолтой ажил байсан.
Өнөөдрийн байдлаар баданга хүдрийг таниулах. Баданга хүдэр тухайн газарт оршин байх нь экосистем, биологийн олон янз байдлын хамгааллын хувьд ямар ач холбогдолтой болохыг иргэдэд сурталчлан таниулах нь чухал байна. Мөн орон нутгийн иргэдийн байгаль хамгааллын талаарх мэдлэгийг нэмэх нь чухал гэж үзээд цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон талын мэдээллийн үйл ажиллагааг явуулж байна.
Аливаа ан амьтны тоо толгойг тогтвортой байлгах, хамгаалах үр дүнтэй арга нь орон нутгийн нөхөрлөл, малчдын бүлгүүдийн дэмжлэгтэйгээр хийдэг. Амьжиргааны гол үүсвэр болох мал аж ахуйгаас болон байгалийн баялгаас ашиг шим хүртэхийн тулд хүрээлэн байгаа байгаль орчин, биологийн олон янз байдлын хамгаалалд малчид өөрсдөө голлон оролцох ёстой.
Баданга хүдэр, түүний амьдрах орчныг хамгаалах ажлыг мөн л тухайн газар нутгийн малчид, нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой хийвэл чухал. Түүнээс гадна тухайн нутаг дэвсгэрт ажиглалт явуулах зорилгоор автомат камер суурилуулан хянах ажлыг бид хийж байна. Ингэснээр хууль бусаар ашиг хонжоо хайгч хүмүүсээс баданга хүдрийг бүрэн хамгаалж чадах юм гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Баданга хүдэр