Монголын боксчид Европын цувралаас 12 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-10 14:43:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлагад Европын цуврал тэмцээнд оролцохоор нэг сарын өмнө эх орноосоо мордсон билээ.


Тэдний эхний тэмцээн Польшийн Варшав хотод болсон Дэлхийн цом байсан бөгөөд 22 орны 250 гаруй тамирчин оролцсон тэмцээнээс манай тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер А.Баттулга, Х.Билгүүнсайхан, М.Энхжаргал нар мөнгө, Г.Лундаа, Б.Мишээлт нар хүрэл медаль хүртэж багийн дүнгээр V байр эзэлжээ.


Үүний дараа  Германы Хайделбергийн бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар Нидерландын Эйндховен хотноо болсон дэлхийн цомд оролцсон байна. 28 орны 350 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд манай тамирчид дөрвөн удаа төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулжээ. Тухайлбал, залуу мастер Э.Номундарь, олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнсаран, О.Есүгэн, Т.Энхтөр нар алтан медалиар энгэрээ мялаасан бол  М.Энхжаргал, А.Баттулга нар мөнгө, Э.Мичидмаа хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт шалгарсан байна.


Манай боксын шигшээ багийнхны оролцох гурав дахь тэмцээн Чехийн Усты Над Лабем хотод маргааш болох гранпри байх аж. Уг тэмцээний аваргууд энэ сарын 14-нд тодорно. 

Холбоотой мэдээ