Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-05 11:14:24

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эртний найзад албаны нууц баримт бичгийг өгсөн гэж сэжиглэн ерөнхийлөгчийн туслах байсан хүнийг прокурорууд саатуулжээ.

Тус улсын прокурорууд баасан гарагийн орой мэдэгдэл хийхдээ “ерөнхийлөгчийн нарийн бичиг байсан Жон Хо Соныг саатуулсан” гэв.

Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуйвалдсан, төрийн мөнгөнөөс завшсан, залилан хийхийг оролдсон зэрэг хэргээр пүрэв гарагт баривчлагдсан Чой Сүн Сил-д Жон Хо Сон нь төрийн нууцыг задруулсан бололтой.

Пак Гын Хэгийн найз Чой овогт эмэгтэйг мөн төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцож, ерөнхийлөгчийн хэлэх үгийг хянаж шалгаж, засгийн газрын баримт бичгүүдийг ерөнхийлөгчөөс авдаг байсан гэж буруутгаж байгаа юм.

Харин Жон нь ерөнхийлөгч Пакт хамаатай засгийн газрын баримт бичгүүдийг эмхэлж цэгцэлж, зохицуулах ажлыг хийдэг байжээ.

Прокурорууд өнгөрсөн сард Жон нарийн бичгийн гэрийг нэгжсэн аж. Ерөнхийлөгчийн тамгын газраас сайн дураараа өгсөн баримт бичгүүдэд үндэслэн прокурорууд мөрдөн  шалгах ажиллагааг явуулж байна. Түүнийг албан ёсоор баривчлах зөвшөөрөл өгөх хүсэлтийг прокурорууд өчигдөр шүүхэд гаргажээ.

Үүний өмнө прокурорууд Пак Гын Хэгийн туслах байсан Ан Жон Бомыг саатуулж, түүнийг албан ёсоор баривчлах хүсэлтийг шүүхэд гаргаад байгаа юм. Ан Жон Бом нь Ерөнхийлөгчийн тамгын газрын шууд бус оролцоотойгоор байгуулагдсан хоёр санд мөнгө хандивлуулахын тулд Чой Сүн Силтэй хуйвалдан компаниудыг дарамталдаг байжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ