“Улаанбаатар метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-05 14:52:16

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар метрро” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.


Эхний шатанд 6 улсын 27 оролцогч оролцож, тендерийн материал ирүүлээд байгаа бол хоёрдугаар үе шатыг 27 оролцогч дунд зарлахаар төлөвлөөд байна. Санхүүжилтийг шийдэхээр олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийхэд бэлдэж, төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын зөвлөхүүдийн хамт боловсруулах ажлыг эхлүүлж, нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулж байна.


“Улаанбаатар метро” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын тендерийг хоёр үе шаттай зохион байгуулахад дөрвөн компани санал ирүүлснээс БНСУ-ын Dohwa Engineering Co.Ltd болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” түншлэл шалгарсан. Зөвлөх баг нь ТЭЗҮ, суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна төслийн хэрэгжилтэд хяналт, мониторингийн үйлчилгээ үзүүлж байгаа. “Духуа инженеринг ХК”-иар ахлуулсан түншлэл нь ЖАЙКА-гийн 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-ийг шинэчлэх, төслийн эх загвар зургийг боловсруулж, энэ оны гуравдугаар сард батлуулсан юм.


Улаанбаатар метро төслийг нийслэлийн Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, 1 депо бүхий 19.4 км, цагт 17200 зорчигч тээвэрлэхээр тооцсон. Төслийг хэрэгжүүлснээр авто замын сүлжээний хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 18 хувиар нэмэгдэн, иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдээд зогсохгүй өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөө үзүүлэх үр дүнг шинэчилсэн ТЭЗҮ-ээр гаргажээ. 



Холбоотой мэдээ