Уул уурхайн бус салбарт 20 сая ам.долларын төсөл хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд баталлаа.
"Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь манай улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Төслийг Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авна.
Уг төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх юм. Үүнд,
1.Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, хөгжүүлэх хэсэг нь экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд экспортын зээлийн даатгал болон баталгаа олгох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, институцийн тогтолцоог бий болгоход чиглэнэ.
2.Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд дотоодын аж ахуй нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор экспорттой холбоотой тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах, сургах, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулах аж. Уг төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 75.5 хувь нь дэмжив.
Б.Туул