Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-01 20:05:13

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.


Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.


Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгийг байгуулна.


Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулах юм.





Холбоотой мэдээ