Дэлхийн хамгийн чинээлэг орнуудын жагсаалт гарчээ

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-11-04 13:08:50

ЛОНДОН. /Independent/. Лондон хотод төвтэй “Legatum” хүрээлэн өчигдөр Дэлхийн улс орнуудын хөгжил цэцэглэлтийн жил тутмын индексийг /10th annual global Prosperity Index/ 10 дахь удаагаа танилцууллаа. Энэ нь дэлхийн хамгийн баян чинээлэг улс орнуудын жагсаалтыг гаргасан гэсэн үг юм.

Улс орнууд хэр их хөрөнгө мөнгөтэй вэ гэдэг нь хөгжин цэцэглэх нэг хүчин зүйл мөн боловч “Legatum” хүрээлэн мөнгөнөөс гадна бусад олон хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр уг жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтыг гаргахын тулд 104 хувьсагчийг харьцуулан үзжээ. Үүнд, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ, тогтмол ажилтай иргэдийн тоо, тус улсад аюулгүй цахим сервер хэчнээн байдаг зэрэг шалгуур үзүүлэлтүүд багтсан байна.

Эдгээр үзүүлэлтийг эдийн засгийн чанар, бизнесийн орчин, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн хөрөнгө, байгаль орчин гэсэн 9 дэд индекс болгон хуваажээ.

Эдгээр индексийн дагуу мэдээлэл хамгийн ихтэй дэлхийн 149 орныг харьцуулан судалсан байна. Жагсаалтыг Норвеги улс сүүлийн долоон жил дараалан тэргүүлсэн боловч 2016 онд дэлхийн хамгийн баян улсаар өөр орон тодорсон байна.

Ингээд дэлхийн хамгийн баян 25 улсыг танилцуулъя.

25. Португал - Тус улс дээр дурдсан бүх индексээр дэлхийн топ 50 улсад багтсаны дээр хувь хүний эрх чөлөөний дэд индексээр 10 дугаарт орсон байна.

24. Мальта – Газар Дундын тэнгис дэх арлын энэ улс дөрвөн индексээр дэлхийн топ 20 орны тоонд багтсан байна. Харин нийгмийн хөрөнгө гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлснээр жагсаалтын 8 дугаар байрт бичигджээ.

23. Хонконг – НҮБ Хонконгийг бие даасан улс гэж хүлээн зөвшөөрөөгүй боловч түүнийг Хөгжил цэцэглэлтийн индекст оруулсан байна. Хонконгт бизнес эрхлэх орчин маш сайн тул уг шалгуур үзүүлэлтээр дэлхийд дөрөвдүгээрт жагсчээ.

22. Япон – Японы эдийн засаг зогсонги байдалд орсон байж магадгүй. Гэхдээ тус улс аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийд 3 дугаарт, эрүүл мэндийн байдлаар 4 дүгээрт жагсаж буй дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын нэг юм.

21. Испани – Өнгөрсөн хэдэн жилийн турш тус орныг улстөрийн хямрал нөмөрсөн хэдий ч байгаль орчин, аюулгүй байдал гэсэн үзүүлэлтүүдээр тус улс 15 дугаарт орсноор дэлхийн хамгийн хөгжингүй 20 орны тоонд багтлаа.

20. Словени – Тус улс дэлхийн хаана ч байхгүй үзэсгэлэнт байгальтай бөгөөд Европын хамгийн чинээлэг орнуудын нэг юм.

19. Сингапур – Дэлхийн хамгийн чухал боомт хот, санхүүгийн төв гэдгээрээ алдартай Сингапур бол амьдрахад хамгийн таатай газруудын нэг бөгөөд дэлхийд эрүүл мэндийн байдлын үзүүлэлтээр хоёрт, аюулгүй байдлын хувьд нэгдүгээрт орсон байна.

18. Франц – Эдийн засгийн өсөлт нь зогссон хэдий ч дэлхийд дөрөвдүгээрт орох үзэсгэлэнтэй сайхан байгальтай улс юм.

17. АНУ – Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп “АНУ-ыг дахин манлайлагч орон болгоно” гэж амлаад байгаа билээ. Тус улс өнгөрсөн оны жагсаалтад 11-т орж байсан бол энэ удаад 17 руу ухарсан байна. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улс бизнесийн орчны хувьд хамгийн таатай орноор шалгарчээ.

16. Бельги – Парис хотод болсон халдлагыг үйлдсэн этгээдүүдийг орогнуулж байсан гэх мэдээллээс үүдэн Бельгийн нэр хүнд багагүй унаад байгаа боловч тус улс дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болж чадсан байна. Тус улс хувь хүний эрх чөлөө, боловсролын индексээр тэргүүлэх 10 орны тоонд багтжээ.

15. Австри – Европын энэ жижиг орон аюулгүй байдлын дэд индексээр 9 дүгээрт орсон байна.

14. Исланд – Европоос тусгаарлагдсан, 300 мянга гаруй хүн амтай энэ жижиг улс дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болсон гэдэг нь эргэлзээ төрүүлмээр боловч аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн хөрөнгө гэсэн гурван дэд индексээр дэлхийд эхний тавд багтлаа.

13. Ирланд – Тус улс хувь хүний эрх чөлөөний индексээр тавдугаарт жагссан байна. Мөн боловсролын салбарын үзүүлэлтээр дэлхийд 7 дугаарт оржээ.

12. Люксембург – Европын Комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн төрсөн нутаг, татварын диваажин гэдгээрээ алдартай энэ улс эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөөний индексээр дэлхийд тэргүүлсэн байна.

11. Герман – Евро бүсийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болох тус улс бүх үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн чинээлэг 10 оронд багтсан байна. Тус улс эдийн засгийн чанараар тавдугаарт жагсчээ.

10. Их Британи – Европын Холбооноос гарах тухай асуудал яригдаж байгаа боловч тус улс 15 дугаар байраас урагшилж 10 дугаарт бичигджээ. Их Британи бизнесийн орчны үзүүлэлтээр дэлхийд 5 дугаарт бичигдэж байна.

9. Дани –Иргэдийнх нь амьжиргааны түвшин хамгийн өндөрт тооцогддог тус улс жагсаалтын 9 дүгээр байрт оржээ. Дани бол Скандинавын хойгийн хамгийн чинээлэг орон бөгөөд аюулгүй байдлын индексээр дэлхийд тавд орсон байна.

8. Швед – Данийн хөрш Швед улс эдийн засгийн чанараар гуравт, засаглалын дэд индексээр 5 дугаарт байрт бичигдсэн боловч нийт үзүүлэлтээр 8-д оржээ. Тус улс 2015 оны жагсаалтад тавдугаарт жагсч байсан юм.

7. Голланд – Тус улс боловсрол болон эдийн засгийн чанарын индексээр хоёр дугаарт орсон бөгөөд бусад дэд индексээр айргийн тавд багтсан байна.

6. Австрали – Тайван амьдралын хэв маяг, таатай цаг агаартай Австрали тив нийгмийн хөрөнгийн дэд индексээр хоёрдугаарт жагссанд гайхах зүйл үгүй. Тус улс өнгөрсөн жилийн жагсаалтаас нэг шатаар ахисан байна.

5. Канад – АНУ-ын хойд хөрш Канад жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэж буй орон мөн гэж “Legatum” хүрээлэн тодорхойлсон байна. Нийгмийн хөрөнгө, бизнесийн орчны индексээр дэлхийд гуравдугаарт, хувь хүний эрх чөлөөгөөрөө хоёрдугаарт жагсчээ.

4. Швейцарь – Хөгжил цэцэглэлтийн индексээр байнга тэргүүлдэг орнуудын нэг бол яах аргагүй Швейцарь мөн. Тус улс боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлж байна.

3. Финланд – Финландчууд өөрсдийгөө Скандинавын улс гэж нэрлэдэггүй байж болох ч тэд Европын хойд нутгийн хамгийн чинээлэг орон гэдгийг үгүйсгэх аргагүй. Финланд бол дэлхий дээрх хамгийн төгс засаглалтай орон мөн болой.

2. Норвеги – “Legatum” хүрээлэнгийн гаргасан жагсаалтад долоон жил дараалан тэргүүлсэн улс бол Норвеги. Харин энэ онд тус улс хоёрдугаарт бичигджээ. Тус улс засаглалын индексээр дэлхийд 3-т орсон байна.

1. Шинэ-Зеланд – Дэлхий дээрх хамгийн чинээлэг орон. Тус улс нийгмийн хөрөнгө, эдийн засгийн чанар зэрэг үзүүлэлтээр тэргүүлсэн бол бизнесийн орчин, засаглал зэрэг үзүүлэлтээр удаалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ