Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ард түмнээсээ дахин уучлалт гуйлаа

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-11-04 11:53:41

СӨҮЛ. /Yonhap/. Улс төр, авлигын дуулиан шуугианд холбогдоод байгаа дотны найзыг нь мөрдөн шалгах явцад “хэрвээ шаардлагатай гэж үзвэл” мэдүүлэг өгч, өөрийгөө шалгуулна гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөө өглөө мэдэгдлээ. Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ прокуроруудад байцаалт өгч, шалгуулж байсан тохиолдол үгүй юм.

Хатагтай Пак өнөө өглөө телевизээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ өөрийн найз Чой Сүн Силтэй холбоотой дуулиан шуугиантай холбогдуулан дахин уучлалт гуйлаа. Үүний өмнө өнгөрсөн сарын 25-нд тэрбээр энэхүү дуулиан шуугиантай холбоотойгоор ард түмнээсээ уучлалт гуйж байсан юм.

“Хэрвээ шаардлагатай гэж үзвэл би өөрийн биеэр очин прокуроруудад үнэн зөвөөр мэдүүлэг өгөх болно” гэж тэрбээр хоолой зангируулан хэлжээ.

Ерөнхийлөгч Пак эртний анд Чой Сүн Силээс зөвлөгөө авч, түүнд улс төрийн чухал баримт бичгүүдийг үзүүлж, хэлэх үгээ хянуулдаг байсан гэсэн мэдээлэл тархсны дараа Пак Гын Хэ-г олон нийт хатуу шүүмжилж, огцрохыг шаардах болсон билээ.

Өмнөд Солонгосын соёл урлагийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий ашгийн бус хоёр санг байгуулахын тулд томоохон компаниудад шахалт үзүүлэн санхүүжилт босгоход оролцсон гэж Пак Гын Хэ-г мөн буруутгаж байна. Чой овогт эмэгтэйг эдгээр сангийн мөнгөнөөс завшсан байж магадгүй хэмээн байцаан шалгаж байгаа билээ.

Түүнээс гадна, өөрийг нь шашны нөлөөнд автсан гэж буруутгасан мэдээллийг Ерөнхийлөгч Пак эрс үгүйсгэн няцааж байна.

Чойгийн гэр бүлийнхэнтэй хэдэн арван жилийн өмнөөс ойр дотно харилцаатай байсан нь "Ерөнхийлөгч Пак бөөгийн нөлөөнд автсан" гэх цуурхал тархахад хүргэсэн ажээ.

Чой Сүн Сил бол Пак Гын Хэгийн эцгийн зөвлөхөөр ажиллаж байсан Чой Тэ Миний тавдугаар охин юм. 1974 онд Умард Солонгост талархалтай ханддаг нэгэн этгээд Пак Гын Хэгийн эх Юк Ён Со-г хөнөөсний дараа бөө мөргөлийг тахин шүтдэг байсан Чой Тэ Мин Ерөнхийлөгч Пакт зөвлөгөө өгч байсан тухай мэдээлэл тархаад байгаа юм.

Г.Доржханд

 

 



 

Холбоотой мэдээ