Тамхи татах нь ДНХ-д өөрчлөлт оруулдаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЛОНДОН. /ВВС/. Тамхи татах нь ДНХ-д хэдэн зуун төрлийн өөрчлөлт оруулдаг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.
Өдөрт 20 ширхэг тамхи татдаг хүний уушгины эс бүрт жилд дунджаар 150 өөрчлөлт ордог байна. Эдгээр өөрчлөлт дахин хэзээ ч засагдахгүй бөгөөд тамхи татахаа больсон байлаа ч гэсэн өөрчлөлтүүд хэвээр үлддэг гэнэ.
Уушгины хавдрын ДНХ-д шинжилгээ хийснээр бусад төрлийн хорт хавдрын шалтгааныг тодорхойлоход ахиц гарч магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Өдгөө 69 настай Памела Пуф гэдэг эмэгтэй 2013 онд уушгины хорт хавдар туссан байна. Тэрбээр 17 настайдаа тамхинд орж, 50 настайдаа тамхинаас гарчээ. Тэрбээр ярихдаа “би олон жилийн өмнө тамхинаас гарсан хэдий ч тамхины хор уршиг одоо болтол миний биед байсаар байна” гэлээ.
Тамхи миний биед өөрчлөлт оруулж, тэр нь насанд туршид биед минь үлдэнэ гэдгийг мэдсэн бол би тамхинд орохгүй байх байсан хэмээн тэрбээр ярьж байна.
Кембрижшир тойргийн “Wellcome Trust Sanger” хүрээлэн болон Нью-Мексик муж улсын” Los Alamos” үндэсний лаборатори зэрэг байгууллагын эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг дээрх судалгааг явуулж, үр дүнг нь "Science” сэтгүүлд нийтэлсэн байна.
Амьдралынхаа туршид татсан тамхины тоо болон хавдрын ДНХ-д орсон өөрчлөлтийн тоо шууд холбоотой болохыг эрдэмтэд тогтоожээ.
Өдөрт нэг хайрцаг тамхи татаж байгаа тохиолдолд жилд дунджаар хүний уушгины эс бүрт 150, төвөнхөнд 97, амны хөндийд 23, давсаганд 18, элгэнд 6 өөрчлөлт ордог байна.
Д.Нямтулга