НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөр үр дүнд хүрч буйд талархал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уулзалтын эхэнд, ноён
Александар Саша Бодирозатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, тус сангаас
хэрэгжүүлж буй хөтөлбөр, дэмжлэг тодорхой үр дүнд хүрч буйд сэтгэл хангалуун
байна гэв. Ялангуяа НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд
эхийн эндэгдлийг бууруулах зорилт томоохон үр дүнд хүрсэн. Тодруулбал, эхийн
эндэгдэл 100 мянган төрөлтөд 200 орчим байсан бол сүүлийн 10 гаруй жилийн
хугацаанд 20 хувиар буурсан нь та бүхний ажлын үр дүнтэй холбоотой гээд
алсалсан бүс нутгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж буй
нь нэн чухал болохыг онцлов.
Мөн тэрбээр, Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн
төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн
төсөөллийг хэлэлцэж байна. УИХ-аас боловсрол, эрүүл мэндийн салбарын
санхүүжилтийг бууруулахгүй байх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний 5.0
хувьд хүргэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа.
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд
захирал Александар Саша Бодироза, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын
сангийн хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад санал нэг байгаагаа илэрхийлээд, нэн
ялангуяа эхийн эндэгдлийг 1994-2024 онд эрс бууруулсан нь Монгол Улс
Ази Номхон далайн бүс нутагтаа сайн жишээ болж буйг онцлов.
Мөн сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарын санхүүжилт
буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.0 хувьд хүрснийг тодотгоод, “Алсын
хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт
бичигт эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг дотоодын нийт
бүтээгдэхүүний 6.0 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд
УИХ анхаарч буйд талархал илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн
газраас мэдээллээ.