ТӨВ: Номын баяраар хүүхдийн ном хамгийн эрэлттэй байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төв аймгийнхан Номын баяраа 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, энэ үеэр Интерном, Аз хур номын дэлгүүрүүд шинэ номоо худалдсан бөгөөд хүүхдийн ном хамгийн эрэлттэй байлаа.
Аз хур номын дэлгүүрийн худалдааны зөвлөхөөс тодруулахад, Зохиолч У.Бямбанямын бичсэн "365 үдэш" ном эрэлт ихтэй байна. Энэхүү номд дөрвөн улирлын онцлог шинжид тохируулан хүүхэд бүрийн заавал эзэмшсэн байх ёстой олон төрлийн танин мэдэхүйн мэдлэгийг ангилан багтаасан.
Тухайлбал, 1 дүгээр сард гэхэд өвлийн улиралтай холбоотой цасаар тоглох, цас мөсний баяр, зам талбайг хэрхэн цэвэрлэдэг вэ, өвлийн хоол хүнс, гэртээ ганцаараа үлдэх, бууз хийцгээе гэх мэт сэдвүүдийн тухай мэдлэгийг хүүхдийн сэтгэхүйд тохируулан ойлгомжтойгоор, өнгөт зургийн хамт багтаасан байна.
Харин 3 дугаар сард гэхэд хаврын шинэ өдрийг угтан 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг Наурызын баяр, 1981 оны 3-р сард сансарт ниссэн Ж.Гүррагчаа болон тухайн сансарт ниссэн үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан байна.
Зуны саруудад зугаалгад явахдаа бэлдэх, говийн ургамал, элсэн манхан, эрийн гурван наадам, одод өдөр хаачдаг вэ, цагаан идээ, бороотой өдөр биеэ зөв авч явах, нарших, хадлангийн талбайд гэх мэтчилэн мэдлэг мэдээллийг нэг жилийн турш хүүхдэдээ нэг нэгээр нь заасан ном юм.
Амьдрах ухааныг хөгжилтэй байдлаар зааж, сургасан тус ном нь хүүхэд, багачуудын сонирхлыг ихэд татаж байна. Мөн хүүхдийн комик үлгэрийн номууд, физик туршилттай номууд эрэлт ихтэй байгаа бөгөөд хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхолд тулгуурлан сонголтоо хийж, эцэг, эхдээ ойлгуулж, худалдан авалтыг бие даан хийж чадаж байгаа нь бахадмаар санагдаж байна гэв.