АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хорнтой уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Као Ким Хорнтой уулзав.
Б.Батцэцэг сайд Монгол Улс 2005 онд АСЕАН-ы Энх тайван, найрсаг харилцааны
гэрээнд нэгдсэнээс хойш хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирсэн, 2025 онд
гэрээнд нэгдсэний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улс
АСЕАН-тай улам ойр дотно харилцах, хамтын ажиллагааны инститүцын хэлбэрүүдийг
өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг, АСЕАН-ы Салбарын яриа хэлэлцээний түнш,
мөн Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч улс болох эрмэлзэлтэй гэдгээ
дахин нотлов.
Ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хорн доктор Монгол Улсын АСЕАН-тай тогтоосон харилцааг өндрөөр үнэлдэг тул цаашид АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар Монгол Улсад зориулсан хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Монгол Улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжил дэвшлийн төлөө АСЕАН-тай уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, цахим шилжилт, гамшгийн эрсдэлийн менежмент, бүс нутгийн уялдаа холбоо, хөдөө, орон нутгийн эмэгтэй удирдагчдыг чадавхжуулах, байгаль орчны боловсролыг дэмжих зэрэг чиглэлд идэвх оролцоо, хувь нэмрээ нэмэгдүүлэх зорилго тавьж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.