Ахмадын хишгийг 65-аас дээш насныханд жилд хоёр удаа олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-03 17:04:25

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Төсөв дагасан хуулиуд дотор 70-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохоор тусгасан байсан. Гэхдээ сүүлд 65 наснаас дээш болгож босго намссан юм байна. УИХ-ын намрын чуулганд “Ач санах хууль” орж ирнэ. Энэ хууль насны хишигтэй хэрхэн уялдаж байгаа вэ. Ач санах хууль хэзээ орж ирэх вэ” гэсэн асуултыг тавьсан.

Эл асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, “Засгийн газраас анх Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирэхдээ 70-аас дээш насны ахмадуудад хишиг олгохоор оруулж ирсэн. Байнгын хорооны түвшинд билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахманд настанд 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор болсон. Анх тавьсан 21 тэрбум төгрөгийн мөнгөн дүнд өөрчлөлт орохгүй. Ач санах хуулийн төслийг Засгийн газар нэлээн сайн ярьсаны дараа оруулж ирэх байх" гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Үндсэн хуульд нас хүйс, эмэгтэй эрэгтэйгээр нь ялгаварлахгүй гэж заасан. Өнөөдөр эмэгтэйчүүд 55 наснаас, эрэгтэйчүүд 60 наснаас тэтгэвэрт гарч байгаа. Тэтгэвэрт гарч байгаа наснаас нь насны хишиг олгох тал дээр гишүүд кнопоо дарж өгөөч" гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Түүний гаргасан энэ санал байнгын хорооны түвшинд анх гарсан бол хэлэлцэх боломжтой байсан. Тиймээс гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тайлбарлав. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг тэгш биш байдлаар тусгасан байна. АТГ-ынхан 36 сараар тэтгэмжээ авах нь. Багш эмч нар болохоор 36 хүртэлх сараар тэтгэмж авах юм байна. Эмч багш нарын тэтгэмжид хэдэн төгрөг суулгасан юм бэ" гэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "Тэтгэмжийг 36 сараар тооцож олгоно. АТГ-ынхныг илүү харсан зүйлгүй. Бүх хууль жигд заалттай байгаа. Өмнө нь 36 сарыг 12 сар болговол 20-иод тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзэж байсан. Гэхдээ эдийн засаг сэргэвэл энэ мөнгийг олох боломжтой гэж үзсэн тул өмнөхөөр нь тусгасан" хэмээн хариуллаа.

Үүний дараа Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлалаа. Учир нь Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаас дээрх хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсан байсан юм.

Чуулганы хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, С.Эрдэнэ нар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд бэлнээр нь олгох нь зүйтэй гэсэн байр сууриа байн байн илэрхийлж байна. 

Б.Туул

 

 

 

Холбоотой мэдээ