Хятадад нам, төрийн албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээг чангатгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 19 /RIA Novosti/. Хятадад төрийн болон намын албан тушаалтнуудын баримтлах ёс зүйн хэм хэмжээг чангатгажээ. Тухайлбал, ажлын үдийн цайны үеэр тансаг хоол, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна. Уг шийдвэрийг Төрийн зөвлөлийн цахим хуудсанд нийтэлжээ.
Хятадын Коммунист намын Төв хороо, Төрийн зөвлөлөөс намын болон төрийн байгууллагуудын дунд хэмнэлтийн горимыг чанд мөрдөж, үр ашиггүй зарцуулалтыг таслан зогсоох тухай тогтоол гаргасан байна.
Уг баримт бичиг нь дотоод, гадаад албан томилолт, албан ёсны хүлээн авалт, албаны тээврийн хэрэгсэл, хурал, арга хэмжээ, ажлын байранд болон бусад асуудалд албан тушаалтнуудын ёс зүйн дүрмийг тодорхойлсон 63 заалттай ажээ. "Ажлын үдийн цайны үеэр тансаг хоол захиалахгүй, тамхи татахгүй, архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэхгүй байх ёстой" гэж заалтуудын нэгд дурджээ.
Шинэ журамд мөн төрийн болон намын албан тушаалтнуудын гадаад томилолттой холбоотой хэм хэмжээг нарийвчлан зохицуулжээ. Тухайлбал, тодорхой зорилгогүй томилолт, мөн “аялал жуулчлалаар өнгөлөн далдалсан томилолтыг” хатуу хориглосон байна.
Мөн гадаад томилолтын үеэр албан тушаалтнууд шаардлагагүй хүсэлт тавих, бэлэн мөнгө, дурсгалын зүйлс, нутгийн амттан авах, мөрийтэй тоглохыг хатуу хоригложээ.
Тогтоолд мөн Хятадад гадаадын зочдыг хүлээн авах дүрэм журмыг тодорхойлсон байна. Зочдыг хүлээн авахдаа дипломат ёс зүй, найрсаг тэгш байдал, үр ашиг, хэмнэлтийн зарчмуудыг баримтална гэж заажээ. Хүлээн авагч тал мөн "гадаадын зочдыг хүлээн авах зардлыг хатуу хянах" ёстой.
Төрийн Зөвлөлийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд бүх шатны засаг захиргааны байгууллага, бүх бүс нутагт үрэлгэн байхыг гутамшиг, арвич хямгач хэмнэлттэй байх нь нэр төрийн хэрэг мөн гэдгийг сурталчлан түгээх шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ.
Шинэ журам тавдугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.