ЗАВХАН: Дөрвөлжин сумын өрх бүр хашаандаа мод тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-18 16:47:45

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сум хаврын мод тарих өдрөөр 500 ширхэг модыг тарьжээ.  


Манай сум “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж жил бүр бүх нийтээрээ мод тарих ажилд идэвхтэй оролцож, айл бүр хашаандаа мод тарих, байгууллага аж ахуйн нэгж бүр гадна талбайдаа цэцгийн мандлыг бий болгодог.


Энэ хаврын мод тарих өдрөөр Хандын эрэг дагуу 400 ширхэг мод, авто зам дагуу 100 ширхэг модыг тарилаа. Мөн “Нэг хашаа, нэг мод” хөдөлгөөнийг 3 жилийн хугацаатай сумандаа өрнүүлж айл бүр хашаандаа мод тарьж ургуулж эхэлсэн байна. Сумын төв 127 өрхтэй бөгөөд эдгээр өрхүүд хашаандаа 1-3 ширхэг модыг тарьж ургуулснаар гурван жилийн дараа модоо арчилж тордож ургуулсан өрхийг урамшуулж гэр бүлээр нь гадаад оронд аялуулах юм. Иргэд маань идэвхтэй мод тарьж байна.


Манай сум говийн сум, элсний нүүдэл их, хуурайшилтын зэрэг өндөр, шороон шуурга, салхи, нөөлөг ихтэй сум. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын аюултай үзэгдлүүдийн тоо өссөн, хуурайшилтын зэрэг өндөр байдаг болсон.


Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, элсний нүүлтийг багасгах, хөрс, усаа хамгаалахын тулд мод тарих хөдөлгөөнийг илүү үр дүнтэй зохион байгуулна. Энэ хавар шийгуа болон Ховдын торниун алимын мод 100 ширхгийг суулгаж тариалах гэж байна. Социализмын үед манай сум шийгуа тариалдаг байсан түүхтэй. Энэ хавар шийгуа тариалж байсан хүнээс мэргэжлийн зөвлөгөө тусламж авч тариалах гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Жил бүр тарих модоо аймгийнхаа мод үржүүлгийн газраас татан авч 4-6 төрлийн модыг мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө авч тарьж ургуулж байна.


Манай сум Завхан гол, “Хандын” эрэг дээр оршдог. Хандын эгц эрэг дагуу 400 ширхэг мод тарьсан нь нэг талаас аюулгүй байдлыг хангаж, нөгөө талаас сумынхаа өнгө үзэмжийг нэмэх зорилгоор мод тарилаа.


Түүнчлэн авто зам дагуу 100 ширхэг модыг суулгасан нь элсний нүүлтийг багасгах зорилготой юм. Мод тарих үйл ажиллагаанд сургуулийн хүүхдүүд, ахмадууд, төрийн албан хаагчид оролцлоо. Тарьсан модоо байгууллага, иргэд хамтран байнгын арчилгааг хийж ургуулах юм.


Мөн суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Баян-Айраг эксплоэйшн ХХК-аас 1 сая модыг тарьж ургуулахаа амлаж өнгөрсөн жил 300 ширхэг, энэ жил 340 ширхэг модыг тарьсан байна. Ирэх жил 300 гаруй модыг тарьж тарьсан модоо арчилж ургуулж хүлээлгэн өгөх юм гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Сумын төвөөс гадагшаа гарсан автозам дагуу мод тарилаа


Сумын төвийн нийтийн эзэмшил газруудад тарьсан мод ургажээ 


Өрх бүр хашаандаа мод тарьж байна


Завхан гол, Хандын эрэг дагуу 400 ширхэг мод тарьжээ

Холбоотой мэдээ