Хотын дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууц, өмчийн газартай болоход анхаарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-03 15:21:52

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо" Нийслэлийн удирдлагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах чиглэлд анхаарч ажиллахыг хүслээ.

Тус холбооны зүгээс өнөөдөр болсон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн хуралдааны үеэр уг санал, хүсэлтийг тавьжээ. Уг санал, хүсэлтэд иргэдийг орон сууцжуулах, түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах, газар өмчлөх боломжоор хангахыг хүсчээ. Монгол Улсад 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Гэвч эдгээр иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олддоггүй бөгөөд аж ахуйн нэгжүүд ажилд авдаггүй аж. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ашиглалтад оруулах барилгыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд тэдний төлөөллийг оролцуулахыг хүслээ. Шинээр ашиглалтад орж байгаа барилгууд налуу зам, лифт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх орчинг бүрдүүлсэн ариун цэврийн өрөө байдаггүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд ороход томоохон бэрхшээл учруулдаг байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг барилга хүлээн авах комисст оруулж, барилгын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байгаа аж. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр томоохон бодлого боловсруулах шаардлагатай байгааг Хотын дарга онцлоод, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах чиглэлээр хууль, журмын дагуу ажиллах болно. Мөн иргэдийн өөрсдийн өмчийн газартай болоход анхаарч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах болно" гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ