АН-ын бүлэг Засгийн газрын 100 хоногт "Онцмуу" дүн тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт үнэлэлт, дүгнэлт хийсэн талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
АН-ын бүлгээс Засгийн газрын 100 хоногийг “Онцмуу” дүн тавьж байгаагаа хэлээд, өнгөрсөн хугацаанд Засгийн газар садан, ураг төрлийн томилгоо хийж, нам, үзэл бодлоор нь ялгаварлан хэт олноор нь хоморголон халах ажлыг л гарамгай хийсэн гэв. Засгийн газрын 100 хоногийн тайлангаа хэт сүржин тавьж, ард иргэдийн хүлээлтийн эсрэг өмнөх Засгийн газрын хийсэн ажил, тууз хайчилсан тухай, ирээдүйд хийхээр эх үүсвэр нь тодорхойгүй ажил жагсаасан. Төлөвлөсөн ч хэрэгжих боломжгүй, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх, иргэдийн халаасанд орох бодит ажил хийгээгүй, хурдтай,бүтээлчээр ажиллана гэсэн хэрнээ “мэлхийн” хурдаар ажилласан гэв.
Мөн УИХ-ын сонгуулиар амлаж байсан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож, Хүүхэд харах үйлчилгээний хуулийн үйлчлэлийг хойшлуулж, оюутны тэтгэлгийг хүчингүй болгож, төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл бууруулах гэх мэт шийдвэр гарсан гэж АН-ын бүлэг дүгнэжээ. Тиймээс цаашдаа Засгийн газарт тавих сөрөг хүчний хяналтаа улам чангатган,
Мэдээллийн дараа АН-ын бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Засгийн газрын 100 хоногт дүн тавьлаа. Тэгвэл та бүхэн өөрсдөө 100 хоногт юу хийв?
-С.Эрдэнэ: АН-ын бүлэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан. Нийт 14 аймаг 50 гаруй сумаар явж ард иргэдтэйгээ уулзсан. Нийт 6 удаа Засгийн газарт үнэлэлт, дүгнэлт өгч, 6 удаа шаардлага өгсөн.
-Ам.долларын ханш ийм хэмжээнд хүрч өсч байгаа нь өмнөх Засгийн газрын буруу шийдвэртэй холбоотой гэж байгаа. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-С.Эрдэнэ: 2012 онд ам.долларын ханш 1380, 2016 онд 1950 байсан. 4 жилийн хугацаанд 600-аад төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл 4 сарын хугацаанд 470-аад төгрөгөөр нэмэгдэж 2420 төгрөгт хүрээд байна. Цаашид Монголбанк хянаж чадах үгүйгээ ч хэлж чадахгүй байна. Ам.долларын ханш өссөн, эдийн засаг хүндэрсэн зэрэг нь бүгд эрх баригчдын улс төржсөн ухамсаргүй үйлдлээс болж байгаа.
-"Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр"-ийг өчигдрөөс УИХ хэлэлцэж эхэлсэн. Энэ хөтөлбөрт туссан заалтууд хэрэгжих боломжтой гэж үзэж байна уу?
-С.Эрдэнэ: Эдийн засгийн бүтцээ хэрхэн хөгжүүлэх, дэмжих талаар дорвитой тоо баримттай цогц бодлого орж ирээгүй. Тэгэхээр үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж байна. Томоохон төслүүд хөдөлгөнө гээд байгаа. Гэтэл бид одоо эдийн засгийн реформ хийж, ганц тулгуурт эдийн засгаа солих цаг болоод байна.
-Өмнөх Засгийн газраас ажил хүлээж авах үед хүүхдийн мөнгөө ч тавьж хүрэхгүй, улайссан төсөв хүлээж авсан гэж байсан. Төсөв санхүү үнэхээр тийм муудсан байсан нь үнэн үү?
--С.Эрдэнэ: 2016 оны Улсын төсвийг өнгөрсөн намар батлахдаа бид 950 тэрбум төгрөгийн буюу 4 хувийн алдагдалтай баталсан. Төсөв бол сар, улирлаар тутамдаа орлого орж, зарлага гарч байдаг. Тэгэхээр "юу ч үгүй байсан" гэж хэлж болохгүй. Мэдсээр байж улаан цайм гуйвуулж байна. Долдугаар сарын 1 хүртэл тэтгэвэр тэтгэмж, цалин бүгд хэвийн явж ирсэн. Гэтэл шинэ Засгийн газар гарч ирэнгүүтээ олон улсын түвшинд нэр хүндээ унагаж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг навс унагасан. Хэт улс төржилт, өмнөхөө харлуулах гэж улайрсан алхамаас нь болж эдийн засаг ийм байдалд хүрээд байна.
-Сөрөг хүчний хувьд гадаад улс орнуудаас авах зээлийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-С.Эрдэнэ: Гадаадаас авах зээл, тусламжийн асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд нэг номерт эдийн засгийн аюулгүй байдал бичигддэг. Тиймээс бид энэ тал дээр анхааралтай харж, ажиглаж байгаа. БНХАУ-д айлчилсан УИХ-ын дарга М.Энхболдын, Японд айлчилсан Ерөнхий сайдын айлчлалын дүнг бичгээр танилцуулах хүсэлт тавьсан. Одоогоор ирээгүй байна. УИХ-ын зөвшөөрөлгүйгээр үндэсний хэмжээний онц чухал асуудлыг хөндөж, гадны зээлийн асуудлыг ярих эрх УИХ-ын даргад байгаа юу гэдгийг тодруулна. Ер нь бол нэг улсаас хэт хараат байдал үүсэх их хэмжээний зээл тусламж авах нь таатай нөхцөл үүсгэхгүй. Тажикстанд газар нутгаа барьцаалаад БНХАУ-аас их хэмжээний зээл авсныгаа төлж чадахгүйд хүрээд газар нутгаа өгсөн. Хэн ч дуугарч, эсэргүүцээгүй. Өнөөдөр ийм байдал Монголд үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс нэг улсаас хэт их хэмжээний зээл авах нь зохимжгүй.
-Хөгжлийн банкнаас 4.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Яг хэн хэдэн төгрөгийн зээл авсныг ил зарлаж болохгүй юу?
-С.Эрдэнэ: Эрдэнэтийн асуудалд 49 хувийг яриад байна. ОХУ өмчөө зарсныг нь Монгол компани авсныг "чи луйварчин" гээд дайраад байж болохгүй. Хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаж болно. Гэхдээ аж ахуйн нэгж рүүгээ дайрах хэрэггүй. Нөгөө талдаа 51 хувийг нь яагаад ярихгүй байна.
Б.Пүрэвдорж: 2009 онд Ерөнхий сайд асан С.Баярын гарын хүн гэгддэг "Жаст"-ийн Ш.Батхүү "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаанд тавиад "Стандарт банк"-наас 109 сая ам.долларын зээл авчихсан. Олон улсын арбитрын шүүхээс "Эрдэнэт"-ээр төлүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Тэр нь одоо хаана байна вэ? Энийг хэн ч ярихгүй байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ