Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-05-16 11:31:38

БАНГКОК, 2025 оны тавдугаар сарын 16 /BBC/. Өнгөрсөн гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурсан тэнгэр баганадсан барилгатай холбоо хамаарал бүхий 17 хүнийг баривчлах зөвшөөрлийг Тайландын шүүх олгожээ. 


Хөрш залгаа оршдог Мьянмар улсад болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Бангкок хотод мэдрэгдэж, Төрийн аудитын газрыг байрлуулахаар барьж байсан 30 давхар цамхаг нурсан юм. Уг барилгын нурангиас 89 хүний ​​цогцсыг гаргасан гэж холбогдох албаныхан мэдэгдсэн бол долоон хүн сураггүй хэвээр байна.


Цамхгийн зураг төсөл, барилга угсралт, хяналтын ажилд оролцсон хүмүүсийг баривчлах зөвшөөрөл олгосон гэж нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй цагдаа нар мэдэгдсэнийг Бангкокын хэвлэлүүд уламжилжээ. Цагдаа нар тэдний дундаас зөвхөн нэг хүнийг нэрлэсэн нь Тайландын барилгын томоохон компаниудын нэг Italian-Thai Developmentкомпанийн ерөнхийлөгч асан Премчай Карнасута байв.


Тайландын хэвлэлд пүрэв гарагт мэдээлснээр, мөрдөгчид барилгын бүтцэд алдаа согог илрүүлсэн байна. Тайландын эрх баригчид барилга нурсан шалтгааны талаарх дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байгаа юм. Хүчтэй чичирхийллийн улмаас Бангкокийн өндөр барилгууд ганхаж, дээвэр дээрх усан сангаас ус асгарч буй нь дүрс бичлэгүүдээс харагдаж байлаа.


Тайландын нийслэлд жуулчдын очих дуртай Чатучак захын эсрэг талд байрлах цэнхэр шил, гангаар хийсэн цамхаг болох Төрийн аудитын газраас бусад барилга газар хөдлөлтөд өртөн сүйдээгүй юм. Харин хоёр тэрбум тайланд батын /59 сая ам.доллар/ өртгөөр гурван жилийн турш барьж буй уг барилга нуранги болон хувирсан байна. Барилга нурах үед 400 гаруй ажилчин ажиллаж байсан бөгөөд аврах ажилд дрон, үнэрч нохой, кран, экскаватор зэргийг ашиглажээ.


Мьянмарт гуравдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаж, 4500 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайланд болон Хятад баруун өмнөд нутаг зэрэг газруудад мэдрэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ