Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах төлөвлөгөөгөө боловсруулсан орны жагсаалтад багтсаныг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улс Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан орны жагсаалтад багтсаныг зарлалаа.
Европын Холбоо, Европын Комисс, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах Тэргүүн санаачилгын төв (ЕХ-ны ХБЦИЦЭБТСТ)-ийн үндэсний зохицуулагч нарын уулзалт энэ сарын 12-15-нд Бельги улсын Брюссель хотноо болж байна.
Хурлын
эхэнд Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах Тэргүүн санаачилгын төвийн нарийн
бичгийн дарга Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах үндэсний төлөвлөгөө
боловсруулж, батлах ажил бүс нутгийн орнуудад амжилттай үргэлжилж байгааг онцлохдоо Монгол Улс төлөвлөгөөгөө бүрэн
боловсруулж дууссан орны жагсаалтад багтсаныг зарлав. Энэ нь Монгол Улсын
биоаюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандартад нийцсэн
чадавхтай болох чиглэлээр хэрэгжүүлж буй тууштай бодлогын үр дүн юм.
Энэ удаагийн хуралд 64 түнш улсын үндэсний зохицуулагч,
зөвлөх, НҮБ-ын бүс нутаг
хоорондын гэмт хэрэг, шударга ёсны судалгааны хүрээлэн (UNICRI) зэрэг
байгууллагын төлөөллүүд оролцож, өнгөрсөн
онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ахиц дэвшлийг ярилцлаа. Тус хурал нь ХБЦИЦ-ийн эрсдэлийг багасгах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашид талуудын
уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой юм.
Хуралд БОУАӨЯ-ны Байгалийн
нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, БАБХҮХ-ны нарийн бичгийн дарга,
ЕХ-ны ХБЦИЦЭБТСТ(EUCBRN)-ийн Үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг оролцжээ.