Кале дахь дүрвэгсдийн хуаранд үлдсэн хүүхдүүдийг нүүлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-11-03 13:28:28

ПАРИС./Al jazeera/. Франц улс харж харгалзах хүнгүй 1600 гаруй дүрвэгч хүүхдүүдийг Кале хот дахь эвдэрч сүйдсэн “ширэнгэн ой” гэгддэг дүрвэгсдийн хуарангаас нүүлгэжээ.

Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр, уг дүрвэгсдийн хуаранг өнгөрсөн сард нураасны дараагаар тэнд өсвөр насны голдуу 1616 хүүхэд чингэлэгт амьдарч байсан гэжээ.

Тэднийг лхагва гарагт Францын даяар байгуулагдаж буй төвүүдэд шилжүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 5000 гаруй дүрвэгсдийг тухайн хуарангаас нүүлгэн шилжүүлсэн бөгөөд харин дээрх хүүхдүүдийн хувь заяа хэрхэх нь лхагва гараг хүртэл тодорхойгүй байсан юм.

Эрх баригчдын ярьснаар, эдгээр хүүхдүүдийн ихэнхийг Францын нутаг дахь 60 гаруй төвд шилжүүлжээ. Энэхүү ажиллагаа нь зарим хүүхдүүдэд айдас түгшүүр төрүүлсэн байна.

Учир нь уг үйл ажиллагаа тэдний Англи улсад очих гэсэн мөрөөдлийг үгүй хийж байна гэж тэд бодож байгаа аж. 16 настай Суданаас дүрвэн ирсэн Карлос Осма автобусанд суухаасаа өмнө сэтгүүлчдэд хандан “Тэд нар хэлэхдээ “чи одоохондоо залуу байна, бид чамд тусалж чадна” гэж хэлсэн боловч надад туслахгүй байна” гэж ярьжээ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд илүү олон тооны хүүхдийг хүлээн авахыг англичуудаас шаардсан боловч  цагаачдын асуудалд их британичууд тийм ч тааламжтай бус хандаж байгаа нь харагдсан байна. Их Британийн засгийн газрын мэдээлснээр, 300 гаруй дүрвэгч хүүхдүүдийг Кале хотоос хүлээн авсан аж.

Их Британийн Дотоод хэргийн сайд Амбер Рудд парламентын чуулганы үеэр үг хэлэхдээ, удахгүй дахин хэдэн зуун хүүхдийг хүлээн авна гэлээ. 

 

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ