АРХАНГАЙ: Аймгийн хуурайшилтын зэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-07 12:34:39

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШТ-өөс хуурайшилтын зэргийн үнэлгээг энэ сарын 5-ны өдрийн байдлаар гаргажээ.


Энэ үнэлгээгээр нийт нутгийн 90 орчим хувьд нь цэнхэр буюу түймрийн аюул бага, Хайрхан сумын бүх нутаг дунд зэрэг, Цэцэрлэг сумын зүүн, Эрдэнэмандал сумын зүүн хойд, Өлзийт сумын нутаг бүхэлдээ түймрийн эрсдэл их гэж гарсан байна.

 

Саяхны буюу 4 дүгээр сарын 28-нд гаргасан хуурайшилтын зэргийн үнэлгээгээр аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ улаан буюу түймрийн эрсдэл их, нэн аюултай гэж үнэлэгдсэн байлаа.





Энэ сарын 4, 5-нд 30 см хүртэл зузаан орсон цас хуурайшилтын зэргийг эрс багасгаж, газарт чийг өглөө.

 

Өнөөдөр аймгийн төв орчмоор цас орж байна. Өглөөний 8.00 цагийн харуулын мэдээгээр Төвшрүүлэх сумын нутгаар 14 см, Жаргалант сумын нутгаар 8 см, Тариат, Эрдэнэмандал, Хангай, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар 0-4 см цастай байна. Бусад сумын нутгаар цасгүй байна. 


5 дугаар сарын 13-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын мэдээгээр 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бороо, цас орно. Салхи секундэд 5-10 метр. Нийт нутгаар дулаарч, ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ