ЗАВХАН: Автомашины хөдөлгөөн ихтэй сумдын хүүхдүүдэд үзүүлэх сургалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймагт зам тээврийн осол хэргээс
урьдчилан сэргийлэх зорилготой үзүүлэх цогц сургалт болж 1480 гаруй хүүхэд
оролцжээ.
Аймгийн Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтарч хоёр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд цогц сургалт хийлээ.
Энэ сургалт нь хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах зорилготой юм.
Мөн хүүхдүүдэд өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, зам тээврийн осол ямар аюултай болох талаар үзүүлэх сургалтыг хийлээ. Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхэд хууль, эрх зүйн ямар мэдлэгтэй байх талаар багш нар, хүүхдүүдэд хамтад нь таниулснаараа онцлог болов.
Тосонцэнгэл, Их-Уул сум нь Завханы хамгийн олон хүн амтай. Улиастай, Увс, Баян-Өлгий аймаг руу зорчдог улсын чанартай автозам дайран өнгөрдөг автомашины хөдөлгөөн ихтэй сумд юм. Тиймээс энэ удаагийн цогц сургалтыг эдгээр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 1480 гаруй сурагч, 30 гаруй багшийг хамруулан зохион байгуулсан юм. Энэ үеэр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт мөн зөвлөмж өглөө.
Завхан аймгийн хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 112 гэмт хэрэг гарсны 13.4 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үед хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8 бүртгэгдэж байсан бол энэ жил 15 бүртгэгдэж нэмэгдсэн байна. Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд жолооч нар дүрмээ баримталж, явган зорчигчид замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцох нь чухал байна. Ялангуяа сургууль орчмын бүсэд хурдаа хасаж явган зорчигчид зам тавьж өгч байхыг уриалж байна гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ
онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
тухай хуулийн дагуу ерөнхий чиглэл, тусгай чиглэл, нэг бүрчилсэн буюу тодорхой төрлийн
гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэл, соён гэгээрүүлэх, бусад гэсэн 5
зорилтын хүрээнд, 113 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр баталсан
байна.
Зам тээврийн ослын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлдэг,
болгоомжгүйгээр осолд орсноор ямар хор хохиролтой болохыг үзүүлэв