СЭЛЭНГЭ: Сант суманд Барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-02 11:09:05

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнгөрсөн сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллах үеэрээ тус суманд байрлах Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн (хуучнаар) барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцсан байна.

 

Тус барилга нь 1980 онд ХААТМС-ийн зориулалтаар баригдсан, тухайн үедээ 1000 гаруй оюутан суралцаж, хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилтанг бэлтгэж байжээ.

 

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглаагүй дээрх сургуулийн барилгыг Зэвсэгт хүчин авч, сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэснээ Батлах хамгаалын сайд хэллээ.

 

Мөн тэрээр орон нутгийг дэмжиж ажилласнаар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллана гэв.

 

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг Батлан Хамгаалах Яамны Төрийн захиргаа удирдлагын газар, Хуурай замын цэргийн командлагч, Хяналт шинжилгээ  үнэлгээний газар, Барилга Инженерийн цэргийн удирдах газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлагууд дагалдан явлаа.