СЭЛЭНГЭ: Түймрийн голомтод салхи ихтэй байгаагаас галыг унтраахад хүндрэл учирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-01 13:01:29

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна.

 

Одоогийн байдлаар түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, зүүн хойноос зүүн урд хэсгийг хяналтдаа авч бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Түймрийн голомтод цаг агаарын байдал тогтворгүй, салхи ихтэй байгаагаас газрын бартаа, саадаар дамжиж тархах эрсдэл их байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ярилаа.

 

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан баг, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын алба хаагчид, сумдын онцгой комисс болон нутгийн иргэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ