“Facebook” ашиглах нь урт наслахтай холбоотой байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-02 12:58:57

ВАШИНГТОН. /Anadolu/. Мягмар гарагт нийтлэгдсэн судалгаанаас үзвэл “Facebook” сүлжээг ашиглах нь урт наслахтай холбоотой байж болох гэнэ.

Калифорни муж улсын Олон нийтийн эрүүл мэндийн хэлтсээс гаргадаг хүн амын байдлын талаарх статистик үзүүлэлтүүдэд тулгуурлан 27-71 насны “Facebook” хэрэглэгч 12 сая хүний хувийн хэргийг харьцуулан судалжээ.   

Судлаачид тухайн статистик үзүүлэлтүүдийг ашиглан олон нийтийн сүлжээний цахим хуудсуудыг ашиглах нь урт удаан наслахтай холбоотой эсэхийг тодорхойлохоор оролджээ. Хэрэглэгчдийн хувийн хэргийг 6 сарын турш хянан үзэж амьд байгаа болон нас барсан хэрэглэгчдийн аккаунтуудыг хооронд нь харьцуулсан байна.

Үүний дүнд удлаачдын олж мэдсэнээр, найзын хүсэлт олныг хүлээж авсан хүмүүс болон зураг оруулж, зурвас илгээдэг хүмүүс илүү урт наслах хандлагатай байгааг олж тогтоожээ. Гэхдээ үүний нарийн учир шалтгааныг тайлбарлаж чадаагүй аж.

Судалгаанд Калифорни, Сан-Диего, Йель, Харвард зэрэг их сургуулиудад ажиллаж байсан судлаачид оролцсон бөгөөд судалгааны дүнг Шинжлэх ухааны академийн “Proceedings  “сэтгүүлд нийтэлжээ.

“Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөрсдийн “Facebook”-тээ илүү олон зураг тавих нь тэдний амьдралыг уртасгана гэж бид хэлж чадахгүй” гэж эрдэмтэд судалгаандаа дурдсан байна. Өмнөх судалгаагаар нийгмийн сүлжээнд холбогдоогүй хүмүүс илүү урт насалдаг гэсэн дүгнэлт гарч байсан юм. Харин сүүлийн үеийн судалгаагаар олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс ч илүү урт насалдаг  болох нь ийнхүү тогтоогджээ.

Уг судалгаанд “Facebook”-ийг оролцуулсан боловч тус компанийн зүгээс ямар нэг байдлаар судалгааны явцад нөлөөлөөгүй аж.

Энэхүү судалгааг удирдан явуулсан Уильям Хоббс уг компанид 2013 онд мэргэжилтнээр ажиллаж байжээ.  Мөн судлаач Моира Буркэ “Facebook”-ийн эрдэм шинжилгээний ажилтан гэнэ.

Дээрх судалгаа нь  олон нийтийн сүлжээг хэрэглэх нь амь нас, эрүүл мэндэд халтай гэсэн батлагдаагүй нийтлэг ойлголтыг няцаасан үйл явдал боллоо.  

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ