“Синематограф-Богдын хүрээнд" номыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-24 09:42:46

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Манай улсад анх удаа болж буй “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар кино урлагийг сонирхогч залуу уран бүтээлчдэд зориулан судлаач А.Чулуунбатын “Синематограф-Богдын хүрээнд” номыг танилцуулав.


Тус номонд 1911 оноос Богд хаант Монгол Улсаас эхлээд нийслэл Хүрээ-Улаанбаатар хотноо ХХ зууны тэргүүн хагаст болж өнгөрсөн гол үйл явдлыг гэрэл зураг болгон хальснаа буулгасан түүхийг товчхон өгүүлэх аж. Мөн дэлхийн кино урлагийн төлөөлөл болсон орон, Монголын кино урлагийн хөгжиж ирсэн явц, сонгодог уран бүтээлийн түүх, намтар, уран бүтээлчидтэй холбоотой ярилцлага, тайлбар захидлыг багтаажээ.


Номын хэсгээс дурдвал, Италийн алдарт найруулагч Федерико Феллинигийн товч намтар түүх, бүтээлийнх нь тухай “Жинжер Фред хоёр” киноных нь зохиолыг орос хэлнээс орчуулж оруулсан байна. Мөн Японы кино урлагийн тухай алдарт найруулагч Акира Күросавагийн намтар түүх, бүтээлийнх нь тухай өгүүлж, дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлийн тоонд орсон домогт “Долоон самурай”-гийн дэлгэрэнгүй өгүүлэмж, Зөвлөлтийн киноны багтай хамтарсан “Дерсу Узала”-гийн тухай өгүүлэх юм.


Үүнээс гадна “Сэрэлт”, “Ардын элч”, “Алтан өргөө”, “Гологдсон хүүхэн”, “Түмний нэг”, “Нүгэл буян”, “Үер”, “Хүний мөр”, “Өглөө”, “Өндөр ээж”, “Анхны алхам”, “Тунгалаг Тамир”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Эх бүрдийн домог”, “Говийн зэрэглээ”, “Хүний сайхан сэтгэл”, “Гэрлэж амжаагүй явна”, “Хуучин сүмийн нууц”, “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай /Сондгой тоо/”, “Ацаг шүдний зөрөө”, “Сүүдэр” зэрэг киноны зохиолыг бүтэн болон өгүүлэмжээр оруулжээ.


Энэхүү үйл ажиллагааг ССАЖЗЯ, БНПУ-ын ЭСЯ, Кино урлагийн зөвлөл, “Монгол кино” нэгтгэл болон СУИС хамтран зохион байгууллаа. 





Холбоотой мэдээ