Архидан согтуурах үзэгдэл буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 10:14:22

“Архигүй, тамхигүй Ховд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаа Жаргалант сум болон багийн засаг дарга албан байгууллагуудын дарга нар болон хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт зохион байгууллаа.

 Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх албан байгууллагууд санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм. Манай аймагт архи зарах тусгай зөвшөөрөлтэй 278 аж ахуйн нэгж байдаг бол 2015 оны 10-р сарын байдлаар 22 газар тусгай зөвшөөрлийг нэмж авсан байна.
Тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд хуулийн дагуу бүтээгдэхүүнээ борлуулж, хууль төдийлөн зөрчдөггүй ч архидан согтуурах үзэгдэл буурахгүй хэвээр байна.
 Тиймээс сургууль боловсролын газруудыг сургултаараа дамжуулан оюутан сурагчдад архи тамхины эсрэг мэдээлэл өгөх, архины хамааралтай болсон иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах, албан байгууллагууд тус хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөө гаргаж ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг архи тамхины эсрэг сурвалжлага, сурталчилгааг байнгын болгох, ЭМГ тамхины хяналтын стандарт гаргах, нийтийн эзэмшлийн талбайд сурталчилгаа байрлуулах хэрэгтэйг аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа  үүрэг болголоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ