ХОВД: Спортоор хичээллэгсдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-28 19:05:21

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймагт спортоор хичээллэх иргэд,  хүүхэд, залуусын тоо өмнөх жилүүдээс 15 хувиар нэмэгджээ. 

Мөн орон нутгийн тамирчдын ур чадвар, идэвх оролцоо, амжилт жил бүр ахиж, дэлхий, тив, улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс авах медалийн тоо нэмэгдэж буй.

Тус аймаг өнгөрсөн хугацаанд “Спортын аварга” хөтөлбөр хэрэгжүүлж, шилдэг тамирчин, дасгалжуулагч нарт урамшуулал олгож байсан. 

Тэгвэл энэ удаа спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчин болон дасгалжуулагч нарт олгох урамшууллын журмыг шинэчлэх тухай Ховд аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар хэлэлцлээ. 

Журамд заасны дагуу спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд ганцаарчилсан болон багийн төрөлд амжилттай оролцсон Ховд аймгийн харьяат, орон нутагтаа амьдардаг тамирчдад дөрвөн насны ангилалд хүртсэн медалийн төрлөөс хамааран 100-900 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Мөн амжилт гаргасан тамирчдын багш, дасгалжуулагч нарт насны ангилалд  тамирчин тус бүрд олгосон мөнгөн урамшууллын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор болжээ. 

Шаардлагатай санхүүжилтийг жил бүр улс, орон нутгийн төсөв, төсөл,  хөтөлбөрийн байгууллагын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх юм. 


Холбоотой мэдээ