ХОВД: 45 багшид сургалтын ухаалаг багц олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-25 14:27:34

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховдынхон “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос эхлэн “Таблеттай багш” санаачилга хэрэгжүүлж буй. 

Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 7000 гаруй хүүхэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагч “Таблеттай багш” санаачилгын үр дүнд гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж байна.

Боловсролын ерөнхий газраас “Таблеттай багш” санаачилгад нэгдэж буй аймгийн төлөөллийг мэргэжил арга зүйгээр чиглүүлж, орчин цагийн хүүхэд, гэр бүл, боловсролын үйлчилгээний хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдээлэл харилцааны шинэлэг технологид суурилсан сургалтын ухаалаг багцыг боловсруулан түгээж байгаа юм.

Энэ сарын 24-нд Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багц хүлээлгэн өгч, заах арга зүйн сургалтад хамрууллаа. 

Ингэснээр алслагдсан сум, хилийн анги, багуудад амьдарч буй 1000 гаруй хүүхэд хаана, хэрхэн амьдарч байгаагаас үл хамааран хөгжих, шинийг таньж мэдэх, нийгэмших, боловсрол эзэмших боломж бүрдсэн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ