АРХАНГАЙ: Автомат станц суурилуулснаар цаг агаарын мэдээг илүү нарийвчлалтай гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-24 10:32:38

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллага улсад 101 жил, аймагт 89 жилийн түүхтэй юм.

 

Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтэс, мэдээлэл, үйлчилгээний хэлтэс, цаг уур, орчны технологийн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй, 70-аад орон тоотойгоор аймгийн цаг уурын мэдээллийг бэлтгэж, түгээн ажиллаж байна.

 

Өнөөдрийн байдлаар Ихтамир, Цэнхэр сумаас бусад суманд цаг уурын өртөө харуултай, 10 суманд ус судлалын харуултайгаар цаг уурын мэдээллийг хагас өдөр, нэг, тав, долоо, арав хоног, нэг сар, нэг улирлаар нарийвчлан гаргаж байна.

 

Аймгийн цаг уурт анх 2004 онд SK-4100 маркийн Японы автомат станц суурилуулж байсан бол шат дараатай өргөтгөж, шинэчилсээр хамгийн сүүлд 2023 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар CR-1000X загварын даталоггерийг сумдад суурилуулжээ. Ингэснээр цаг агаарын мэдээг олон төрлөөр, илүү нарийвчлалтай, хурдтай авч, боловсруулж эхэлсэн нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, цаг хугацааг хэмнэсэн, хүнээс хамаарах алдаа багассан зэрэг олон давуу талтай болсон. 

 

Ажилтнуудын хувьд халуун, хүйтэн гээд цаг агаарын эрсдэлтэй бүхий л цаг хугацаанд чин сэтгэлээр ажлаа хийж, мэдээллээ цаг тухай бүрд өгдөг байна. Ийм шаргуу байдлыг нь салбар дундаа онцлон шагнадаг бөгөөд 2024 онд Хойд тамир ус судлалын ажиглагч Р.Жанлавбазар улсын тэргүүний харуул болсон бол 2023 онд Өлзийт сумын Орхон-Өлзийт ус судлалын ажиглагч Э.Эрдэнэсүх улсын тэргүүний харуул болж, сарын цалингийн урамшуулал авч байжээ.   

Холбоотой мэдээ