БУЛГАН: Их цагаан суваргад 32 алтан бурхныг залах ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Эв нэгдлийн Их цагаан суваргад 32 алтан бурхныг залах ёслол өргөн дэлгэр боллоо.
Өвлийн дунд сарын шинийн 15-ны өдөр анхны 11 алтан бурхныг залсан бол энэ сарын 23-ны үйл ажиллагаа хоёр дахь нь байсан бөгөөд нийт 1024 алтан бурхныг сүншиглэн залах юм.
Уг үйл ажиллагаанд сүсэгтэн олон өөрсдийн итгэл сүсгээр “Алтан бурхан”-ыг аравнайлуулан Их цагаан суваргад залж, 9 үеэ даатган буян хурааж байна.
Энэ нь сүсэгтэн олны эрүүл мэнд, эд баялаг, эрдэм мэдлэгийг арвижуулан, амьдралын зам мөрийг гэрэлтэй, тэгш сайхан байлгах ерөөлийг дагуулж буй юм.
Ёслолын үйл ажиллагаанд Улаанбаатар хот, Булган, Төв, Баянхонгор, Орхон аймгийн 400 орчим иргэн оролцож заллага, засал ном, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Ханбогд кашмерын ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Ганцэцэг, "Би Баянхонгор аймгийн Богд сумын харьяат хүн. Булган аймагт анх удаа Их цагаан суваргадаа зорин ирээд байна.Үнэхээр сайхан суварга болжээ.
Сайхан бүтээн байгуулалтыг харж бахархан, их үйлийн буянд даган баясаж сэтгэл өндөр байна. Суваргадаа ах дүү, найз нөхөд хамт олон бүхий л хүмүүсээ есөн үеэр нь даатган Бурхан багшийгаа заллаа.
Ийм сайхан суваргыг өмнө нь Энэтхэгт л үзэж байлаа. Энэтхэгийн Бодгаяа бурханд жил болгон очиж мөргөдөг. Одоо бол Энэтхэгээс дутахааргүй бахархмаар сайхан нандин шүтээн суваргатай боллоо.
Булган аймгийнхан болон нийт иргэд сүсэгтэн олон жил бүр ирж мөргөн, үйл хэргээ даатгаж байх хэрэгтэй гэж бодож байна.
Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, Их цагаан суварга төслийн санаачлагч, Сод Монгол группийн захирал Ц.Анандбазар, "Өнөөдөр Их цагаан суварганаа Далай багшийн өөрийн гараар сүншиглэсэн 26 бурхны нэг Лхам бурхныг залж, Лхам бурхны заллага, даллага авахуулан бурхны номын дуу эгшиглэсэн сайхан өдөр болж байна.
"Их цагаан суварга" босгосноор Хөвсгөл далай руу зорчдог 80 мянган жуулчин Булган нутагт минь түрхэн ч гэсэн саатаж байна. Энэ бол Булганыхан биднийг ажлын байртай, ашиг орлоготой болгох хөгжлийн нэг том алхам юм
Их цагаан суварга нь шашин номын төдийгүй түүх, соёлын дурсгалыг сэргээн таниулах аялал жуулчлалыг хөгжүүлэх, анхдагч алдартнуудын өлгий Булган нутгийг алдаршуулах өрх, иргэн бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх цогцолбор болно.
Цаашид Их цагаан суваргад 550 ажлын байр гарна. Удахгүй манай компанийнхан аялал жуулчлалын бүтээгдэхүүн амрагчдын ая тухад нийцсэн, Булган аймгийн малчид, хөдөлмөрчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан худалдааны цогцолборын бүтээн байгуулалтыг хийнэ.
Тэнд малчид цагаан идээ, айраг, тараг, өрөм, сүүгээ, иргэд хуушуур, бууз, оёмол хатгамал бэлэг дурсгалын зүйлээ, үйлдвэрлэгчид нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж, айл бүрийн эдийн засагт өсөлт гарч амьжиргаа дээшилнэ гэж үзэж байгаа.
Шашин соёл гэдэг бол зөвхөн оюун ухааны асуудал биш, аялал жуулчлалын асар том тэтгэгч байдаг.
Энэ суварга Булган аймгийн зөвхөн төвийн биш нийт сумын олон малчдын амьжиргааг залгуулсан ашиг орлого, буян үйл, аялал жуулчлалын суварга байх болов уу гэж бодож байгаа.
Би сая айраг ууж суухдаа бодож байлаа. Бид айргаа брэндтэй болгоно, савлагааг нь төгс төгөлдөр болгоно, хүмүүс ирээд ууж суухад айраг дагуулаад өгдөг хоол ундаа сайхан болгоно. Миний өвгөн аав лам хүн байсан. Тэр үеийн лам нар цангираглана гэж бүтэн хонон өнжин ном уншина. Шөнөжин ном уншихаар нойр нь их хүрнэ тэгэхээр нь айрагт улаан перец чинжүү хутгаад уучихдаг байсан гэнэ. Тэгж улаан хүрэн өтгөн ундаа болгоод уучихлаар нойр огт хүрдэггүй гэж миний өвөө ярьдаг байсан юм. Бид олон янзын айраг бэлдэнэ, чинжүүтэй, хар чинжүүтэй, улаан чинжүүтэй олон төрлийн брэнд айргийг төгрөгөөр биш доллароор зардаг цаг удахгүй ирнэ хэмээн онцлон хэллээ.