Наурызын баярыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран “Наурызын баяр-2025” үйл ажиллагааг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав.
Давтагдашгүй өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монголыг
олон улсад сурталчлан таниулахаар “Монголын наурызын баяр-2025” үйл ажиллагааг анх
удаа нийслэлийн төв талбайд хийв. Эндээс казах үндэстний урлагийн
болон жүжигчилсэн тоглолт, казахын бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн, кураш
бөхийн барилдаан, үндэсний тоглоом наадгай, хоол амталгаа, гар урлалын худалдаа, Монгол
банхарын хүрээд зочилж, үзвэр үйлчилгээнээс сонирхох боломжтой.
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улс олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 2024 оны 19 дүгээр чуулганаар манай улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар Дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан мэдээгээр баяраа эхлүүлж байгаад таатай байна. Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн казах түмний давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хот, Монгол орны өнцөг булан бүрд суугаа иргэд үзэж сонирхох, таньж мэдэх хүсэлтэй байдаг”-ийг онцолжээ.