Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-10 12:46:22

ТОКИО. /RIA Novost/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Лю Юньшан тэргүүтэй Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг стратегийн харилцаа гэж нэрлэжээ. Энэ тухай Умард Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хятадын Коммунист намын төлөөлөгчид өнөөдөр тэмдэглэж буй Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Умард Солонгост айлчилж байгаа юм.

“Солонгос-Хятадын харилцаа бол ердийн нэг хоёр хөршийн төдий бус хоёр орны ард түмний мах цусаар гагнагдсан олон жилийн найрамдлын түүхтэй стратегийн харилцаа юм” гэж Ким Жөн Уны хэлснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг онцлон тэмдэглэв.

Үүний сацуу, Синьхуа агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээг нэн даруй сэргээх зорилгоор Хятад улс Умард Солонгостой хамтран ажиллахаар төлөвлөж байгааг Лю Юньшань Ким Жөн Унд мэдэгджээ. Харин Умард Солонгосын хэвлэлүүд энэ талаар мэдээлээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ