Өнөөдрийн байдлаар зургаан аймгийн 17 суманд ой, хээрийн түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-21 14:46:32

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зургаан аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 840 га, хээрийн 1.3 сая га талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 7600 мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна. Тиймээс ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах хөдөлгөөнт долоон бүлэг, 52 алба хаагч Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо, Галшар, Дэлгэрхаан, Биндэр, Дорнодын Матад, Сүхбаатарын Дарьганга суманд ажиллаж байгаа аж.


Тэгвэл нийслэлийн бүсэд гарсан түймрийн талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар, “Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдээгүй. Харин шар өвс шатсан 16 дуудлага бүртгэгдсэн. Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд НОБГ, ЦУГ, Байгаль орчны удирдах газар, Тээврийн Цагдаагийн албанаас хамтран нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийг өчигдрөөс хийж байна. Эргүүлийн хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн таван дүүргийн ногоон бүсийн гурван чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллана” гэв.






Холбоотой мэдээ