З.Батбаяр: Бид ёс заншлаа дагавал байгалиа хамгаалах гайхалтай уламжлалтай ард түмэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-03-21 15:32:43

-Дэлхийн усны өдөрт-


Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний амьдралын үндэс нь ус. Ус хэмээх чандмань эрдэнийн эргэн тойронд Усны газрын дарга З.Батбаяртай ярилцсан юм.


-Олон мянганаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд уул ус, нутаг усаа асуулцаж, мэнд ус, амар мэндээ мэдэлцдэг сайхан ёс уламжлалтай. Ер нь яагаад мэндчилгээний үгэнд төрөлх нутаг ус хэмээх үг дагалдаж явдаг юм бол, та хэрхэн үздэг вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Хүн төрөлхтөн 19 дүгээр зуунд усны химийн томьёо H2O буюу устөрөгчийн 2, хүчилтөрөгчийн нэг гээд нийт 3 атомоос бүрддэгийг мэдсэн. Гэтэл нүүдэлчин монголчууд усыг чандмань гурван эрдэнэ хэмээн нэрийдэж иржээ. Чандмань эрдэнийг 15 дугаар зууны үед бурхдын зураг дээр ч, мөн Монгол Улсын Төрийн сүлд дээр 3 өнгийн дуслаар тэмдэглэсэн байдаг. Гурав гэдэг нь магадгүй хорвоо ертөнцийн өнгөрсөн, одоо, ирээдэйг харуулсан юм болов уу.


Манай ард түмэн уул ус хэмээх холбоо үгийг мэндчилгээндээ, яриандаа өргөн хэрэглэдэг. Уул нь хорвоогийн, ус амьдралын суурь гэдэг утгаар уул ус бол оршин тогтнохынх үндэс юм. Эртний Хүннү, Монголын их гүрнүүдийн эзэн хаад, Чингис хааны хэлсэн үг, бага хаадын түүхийг уншихад ч төрийн бодлогодоо усны асуудлыг чухалчилж тусгадаг байжээ. Уулзахдаа нутагт ус тунгалаг уу, сайхан зусаж байна уу гэх зэргээр уул ус, нутаг орон, байгаль орчныг асуудаг. Ийнхүү байгалиа нутаг усаа асууж мэндэлдэг нь нүүдэлчдийн соёлын бусдаас ялгарах ялгаа, соёл нь байгалиас хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм. Дэлхийн бусад соёл иргэншилд уул ус, нутаг ус асууж мэндлэх нь ховор, бараг л байхгүй, ихэвчлэн та сайн уу, танайхан сайн уу гэх зэрэг гэр бүлийг нь асууж мэндэлдэг шүү дээ.


-Монгол орон усны хэр нөөцтэй орон бэ, ер нь ус сэргээгдэх нөөцөд ордог уу?

-Нөөцийг юу гэж ойлгохоос хамаарна. Нүүдэлчдийн уламжлалаар малаа маллаад, усны тунгалаг, өвсний соргогийг хайж нүүгээд байвал усны нөөц хангалттай. Харин мал аж ахуйгаас илүү их ус хэрэглэж, бохирдуулж байгаагаа харвал нөөц хангалтгүй юм. Монгол Улсын нутаг дэвсгэр усны нөөцийн жигд бус хуваарилалттай. Тухайлбал, Хөвсгөл нуурын орчимд маш их хэмжээний устай, түүнийгээ дагаад хур тунадас ч элбэг. Гэтэл говийн бүсэд гадаргын ус бараг байхгүй, хур тунадас бага унадаг. Усны нөөцийг гүний болон хур тунадасны ус бий болгодог.


Манай орон 1950-иад оноос усны нөөцийг тоо хэмжээгээр илэрхийлж эхэлсэн. Жилд 610 км/куб орчим ус манай оронд бүрэлдэж бий болж байна гэдэг. Харамсалтай нь, Байгаль орчны сайдын 2022 оны мэдээллээс харахад, энэ тоо 556 км/куб болж багасжээ. Шалтгаан нь мөнх цас, мөс эрчимтэй хайлснаар 50 км/куб усаа алдаж. Гэтэл манай орны нийт нууранд 500 км/куб ус байгаагийн 70 хувийг Хөвсгөл нуур дангаар бүрдүүлдэг. Гол мөрнүүдийн ус нийлээд 36 км/куб болж байна. Бидний ашиглаж буй газрын доорх ус 10.8 км/куб буюу нийт усныхаа 2 хувийг бүрдүүлдэг ч бүх л хэрэглээгээ гүний усаар хангадаг.

Гадаргын усаа ашигладаггүй учир усны нөөцийг байна, байхгүй гэж хэлэхэд хэцүү. Усны нөөцийг ашигт малтмалын адилаар тодорхой хэлэх боломжгүй. Тухайн цаг үедээ юуг, яаж хэмжихээс хамаараад өөр өөр тоо гарах боломжтой. Ус мөнхийн хөдөлгөөнд эргэлдэж, хатуу, шингэн, хийн төлөвт оршдог, дэлхий дээрх цорын ганц бодис. Бороо ороход тухайн хур тунадасны 10 хувь нь газрын гүнд шингээд, 40 хувь нь гол руу орж, үлдсэн нь эргээд урсдаг.


Сонирхуулахад, монголчууд 3-ын тоог онцолдог нь хатуу, шингэн, хий хэмээн усны гурван төлөвийг илэрхийлэх, шинж чанарыг нь таньж мэдсэнтэй холбоотой ч байж болох юм.



-Манай орон өргөн уудам нутагт тархан суурьшсан цөөн хүн амтай. Ийм нөхцөлд усны ямар менежмент, бодлого боловсруулах нь зөв байх вэ?

-Ердөө л усны хамгаалал юм. Жишээлбэл, эзэн Чингис хааны үеийн “Их засаг хууль”-д устай холбоотой зүйлийг авч үзэхэд, голын урсгал усанд хувцас угаахыг хориглож, цаазална гэсэн байдаг. Тэр нь нүүдэлчид эрх зүйн шинжлэх ухааны зөвшөөрсөн зүйлийг хуульчилдаггүй, заншлын хэм хэмжээгээр зохицуулдаг байж шүү дээ. Голын усанд хувцсаа угаахыг хориглоно гэснийг барууны зарим эрдэмтэн монголчууд хувцсаа угаадаггүй бохир байж гэж тайлбарладаг. Бохирдоо биш юм. Усыг хайрлаж хамгаалах ёстой, хувцсаа ч угааж болохгүй хэмээн усны эргэлтэд саад болж болохгүй гэсэн утгатай. Иймээс газрын доорх усны ашиглалтыг хязгаарлан, гадаргын усаа хамгаалах тухай бодох болсон. Нуураа хамгаална гээд хашаалаад, хүн оруулахгүй байвал усны ид шид гарахгүй. Усаа ашиглаж байж үр ашгийг нь хүртэнэ. Хамгаалалд суурилсан ашиглалтын бодлого хэрэгтэй.


Тухайлбал, Хөвсгөл нуурыг хамгаалах арга нь байгальд хоргүй аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Энэ орлогоо Хөвсгөл нуурыг хамгаалахад зарцуулах нь усны бодлогын үндэс. Туул голоо хамгаална гэдэг нь хүмүүс энэ голын усыг чөлөөтэй ашиглаж, төлбөрөө төлснөөр эргээд голоо хамгаалах юм. Ирээдүйд усны нөөцөө үлдээхийн тулд зөв зүйтэй, хамгаалахад суурилж ашиглах ёстой. Манай орны хувьд байгалийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйгээр гол усаа зохистой ашиглан, хамгаалах бодлого чухал. Монголын усаа хамгаалах уламжлалт арга нь үер болсон газраас үтэр түргэн нүүх байдлаар байгалийг жамаар нь сэргэх нөхцөлийг хангадаг байж. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг, ахуй нь нь орчиндоо хор бага, байгалийг бохирдуулдаггүй онцлогтой. Жилийн дараа эргээд ирэхэд байгаль сэргэчихсэн байх жишээний. Харин одоо суурин амьдралд шилжсэнээр түүхэнд байгаагүй буюу хүн амын тал нь нийслэлдээ суурьшиж, урд нь нүүдэллэж, хамгаалж байсан шигээ амьдрах боломжгүй болсон тул зөв зохистой ашиглаж ирээдүйд усны нөөцөө үлдээх зарчим баримталж байна даа.


-Тэгвэл төрөөс гол усаа хамгаалахаар хэрэгжүүлж буй ажил аль хэр үр дүнгээ өгч байна вэ?

-Юун түрүүнд үерээр жишээ авъя. Үер аюултай ч гэлээ энэ нь байгаль дэлхий өөрийгөө цэвэрлэх үйл явц юм. Гол нь үерлэхэд усыг тогтоон барих ямар арга байгааг олох. Ингэж чадвал дараагийн 5 жилд ган болсон ч голоо усаа сэргээх боломжтой. Манай орны усны нөөц жигд бус хуваарилагдсан учир усыг хуримтлуулж, жигд хуваарилалт бий болгоход анхаарах хэрэгтэй. Төрөөс олон ажил хийсэн. Үр дүнтэй, бас үр дүнгүй нь ч бий. Орон сууцад амьдарч буй хүний хоногийн усны хэрэглээ 2004-2005 онд 250 л, гэр хороолынх 8 л байсан. Харин одоо орон  сууцанд амьдардаг бол 130, гэр хорооллынх 8-10 л хэвээр байгаа. Орон сууцны тоо олширсон ч усны тоолуур тавьж, шугамын алдагдлыг багасгаснаар хэрэглээг нь 2 дахин багасгаж чадсан. Харин одоо гэрт амьдарч буй айлын усны хэрэглээг нэмэхэд анхаарч байна. Өмнө нь 300-400 худагтай, худагчин ажиллуулдаг байсан бол худгийн тоог 800 гаруй болгож нэмснээс гадна иргэд дуртай үедээ ус авдаг автомат төхөөрөмжтэй болсон. Эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан ус түгээж байгаа нь ч дэвшил юм. Мөн гэр хорооллын усны хэрэглээг нэмэх, цэвэр бохир усны шугамаа өргөтгөх, Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулах тухай ярьж байна. Одоогоор 14-15 аймгийн цэвэрлэх байгууламжийг сайжруулснаар байгальд хор хохирол учруулдаг байсныг эрс багасган, ээлтэй болгоход анхаарч эхэллээ. Хүн амын 50 гаруй хувь амьдардаг нийслэл орчимд Төв цэвэрлэх байгууламжийн Туул голд үзүүлэх хортой нөлөөллийг ч багасгаж байгаа юм.


-Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа. Энэхүү үндэсний хөдөлгөөн усны хангамжид яаж нөлөөлөх вэ?

-Бүр маш сайнаар нөлөөлнө. Зарим хүн нэг мод услахад 40 л ус хэрэгтэй гээд, тэрбум модны тоонд үржүүлж тоо гаргаад ийм их ус байхгүй гэх. Үнэндээ, мод услах нь ус үгүй болно гэсэн үг огт биш, байгальд, газрын хэвлий рүү усаа хийж байгаатай адил. Мод руу 40 л ус хийж услалаа гэхэд 10 л нь модондоо, үлдсэн нь газартаа шингэнэ. Модонд шингэж буй 10 л ус нь үндэс, их биеэр дамжин, навчинд очоод фотосинтезийн ачаар хүчилтөрөгч бий болгож, нүүрстөрөгчийг өөртөө шингээнэ. Хэдэн тэрбум модтой болж чадвал амьсгалах агаар, усны эргэлтийг нэмнэ. Мод услах тусам л байгалийн усны эргэлтийг дэмжиж, усыг байгальд нь өгч байна гэсэн үг. Хорьдугаар зуунд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр шиг ийм том үйл ажиллагаа болоогүй. Зууны хамгийн том, үр дүнтэй энэхүү бодлогоыг хэрэгжүүлснээр гадаргын, гүний усны хэлхээ холбоог сайжруулна.



Усны газраас “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, “333 нуур” хөтөлбөр боловсруулан, сум бүрийг нэг нууртай болгохыг зорьж байна. Бороо ороход аль ч сумын хажуу дахь жалгаар үер урсаад л өнгөрдөг шүү дээ. Энэ усыг хуримтлуулаад жижигхээн нуур, хөв цөөрөм байгуулж, усыг тогтоож аваад, хажууд нь мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах ч боломж бий. Нэг ширхэг мод, нэг ширхэг ногоон ургамлыг тарьж л байвал ус, агаарын нөөцийг арвижуулж байна гэж ойлгох хэрэгтэй.


-Манай орны гадаргын ус ихэвчлэн гадагш урсгалтай. Хөрш орныхоо усны нөөцөд ихээхэн үүрэгтэй гэж ойлгож болох уу?

-Хүн төрөлхтөн Байгаль нуурыг Байкал гэж мэддэг. Энэ үг нь угтаа монгол хэлний байгаль ээжийн биечилсэн хэлбэр гэсэн утгатай юм. Дэлхий дээрх нийт усны дөнгөж гуравхан хувь нь цэнгэг. Үүний тал буюу 1.5 хувь нь мөс хэлбэрээр оршдог. Гадаргын ус хэлбэрээр байгаа 1.5 хувийнх нь 20 хувь нь Байгаль нуурт бий. Байгаль нуурт цутгадаг усны 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамждаг. Зөвхөн хөрш орны усны нөөцөд төдийгүй хүн төрөлхтний цэнгэг усны нөөцөд монголчуудын гүйцэтгэх үүрэг ийм их. Манай албан ёсны хил хязгаараар бодвол нийт усны 70 хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамждаг.

Мөн, дэлхий дээрх хамгийн том 10 голын нэг Енисей мөрөн монголоос эх авдаг. Өөрөөр хэлбэл, Шишгэт гол хил даваад урсахаараа бага Енисей болж, Кизилээр дамжин Енисей мөрөнд цутгадаг. Шишгэт гол өөрөө Хөвсгөлийн Улаан тайга уулын хойд талаас, Дэлгэр мөрөн урд талаас нь эх авдаг. Дэлгэр мөрөн Идэрийн голтой нийлж урсах үеэсээ Сэлэнгэ мөрөн болж, Байгаль, Ангар мөрнөөр дамжаад Енисейд цутгадаг. Улаан тайга уулын 2 суганаас гарсан гол Енисей мөрөнд очиж нийлж байна. Төв Азийн бүс нутгийн гадаргын усны сүлжээнд монголчуудын гүйцэтгэх үүрэг их шүү дээ.


Түүнчлэн, ОХУ-д байдаг Ойб мөрнийг газрын зурагт тэмдэглэсэн нэр нь Эртиш. Яг үндсэн нэр нь Эрчис юм. Энэ нь Тарвагатайн нуруу орчим, XV-XVI зууны үед баруун монголчуудын зүүн гарын хаант улсын нийслэл байсан газраас буюу одооны Ёлт голоос эх авсан. Алтайн нурууны хойд талд Ховд, урд талд нь Булган гол бий. Булган гол Хятадаар дамжиж, Казахстан руу урсахдаа асар том Өрөнгө гол болж, Өлөнгөр нуурыг үүсгэдэг. Зүүн талд Онон гол Амар мөрний эх болж, Хэрлэн гол Хөлөн нуурыг тэжээдэг.

Монгол Улсын гадаргын усны сүлжээ хөрш 2 орны усны нөөцөд юутай ч зүйрлэхийн аргагүй чухлаар нөлөөлдөг. Эдгээр гол хатаж ширгэж, мөн үеэрлэвэл аюул учирна. Усны асуудлыг байгалийн хил хязгаараар бодох үндэсгүй, хүн төрөлхтний нуур, ус юм. Нүүдэлчдийн сэтгэлгээгээр “Нэг голын хүүхдүүд” гэдэг утгаар бодох ёстой. Туул голын дагууд орших Багануурт төрсөн ч, Төв аймгийн Заамар суманд төрсөн ч “Нэг голын хүүхдүүд”. Орчин үеийн хэллэгээр усны нөөцийн нэгдсэн менежмент гэж хэлж болно. Үүнийг монголчууд эртнээс “Нэг голын хүүхдүүд” сэтгэл санаа, амь нэгтэй гэсэн утгаар хэлц үг болгосон байгаа юм.


-Манай голууд эдгээр том гол, мөрний эх ундарга болж байгаа нь монголын мөнх цаст уулс, мөнх цэвдэгтэй холбоотой юу?

-Тийм ээ, байгалийн аливаа зүйлийг салгаж ойлгож болохгүй. Тухайлбал, хүний бие гэдэг нэг системийг Европын эмнэлэгт анагаахдаа эрхтэн тус бүрээр эмч төрөлжүүлж бэлддэг. Бөөр эмчлэх явц чихэнд яаж нөлөөлөхийг үздэггүй. Харин дорно дахин, монголын уламжлалт анагаах ухаанд аль нэг эрхтнээр нь салгахгүй, хүний биеийг бүхэлд нь оношилж эмчилдэг. Яг үүнтэй нэг адил голын тухай асуудлыг салгамгүй. Ийм ч учраас дэлхийн усны салбарынхан хөрш улсуудтайгаа нэг бодлоготой байя гэж байна. Манай орон энэ тал дээр амжилт олоод байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч саяхан айлчлах үеэр 2 улсын экологи, байгаль орчны сайдууд Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь дэлхийд жишиг болохуйц, хөрш орнууд хамтран тодорхой нэг ус голыг хамгаалах том үйл юм. Улс орнууд хилийн устай холбоотой дандаа маргаан муудалцаантай байдаг. Манай орон энх тайванч гадаад бодлого баримталдаг учир хөршүүдтэйгээ санал зөрдөг ч эв найрамдалтай оршиж байна. Цаашид бүр илүү харилцан ашигтай хамтарч ажиллах байх.

-Нийслэлийн хүн амын ундны усны хангамжийг сайжруулах ямар боломж байна вэ?

-Хэд хэдэн боломж бий. Туул голд усан сан байгуулаад, үерийн усыг хуримтлуулж, ундны уснаас бусад хэрэгцээг хангах. Бид цэвэр усаа машин угаах, жорлонгийн ус татах, арьс ширний үйлдвэр, цахилгаан станц гээд бүх л зүйлд ашигладаг. Тэгвэл зөвхөн уух усаа газрын гүнээс авдаг байя. Айлуудаас гарч буй, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг арьс ширний үйлдвэр хэрэглэдэг, усан сан байгуулж, усны хэрэглээгээ өөрчлөөд, усыг дахин ашигладаг болмоор байна. Миний нэг мөрөөдөл байдаг юм. Нийслэлийн хаягдал усны бизнесийг бий болгох. Жишээ нь АПУ, Коко кола компаний хаягдал усыг ашиглах нь аль алиндаа ашигтай. Коко кола үйлдвэрийн хаягдал усыг Амгалангийн цахилгаан станцад өгөх тухай ярьж байна. Тус компани хаягдал усыг бохирын хоолойд нийлүүлэхдээ тэрбум гаруй төгрөг төлдөг бол цахилгаан станцад өгснөөрөө мөнгөө хэмнэнэ. Мөн, Говь компани цэвэр усыг өндөр үнээр авч байснаас хаягдал ус ашиглавал мөнл мөнгөө хэмнэнэ. Ус ашиглалтаа сайжруулж, эргэлдүүлдэг, хаягдал усны бизнес бий болгохыг зорьж байна.


Нийслэлд 370 мянга гаруй дээвэр бий. Дунджаар нэг дээврийг 100 мкв гэж бодоход 20 минутын бороонд 670 мянга м/куб орчим ус хуримтлуулж болно. Өмнөговь аймгийн Даланзалгад сум жилд 700 мянган м/куб ус хэрэглэдэг шүү дээ. Энэ мэт усны үнэ цэнийг эдийн засаг, нийгэм, соёл, сүсэг бишрэлийн утгаар ч үнэлж сурахыг хүсэх юм. Улаанбаатарт дээврийн ус хуримтлуулдаг нэг ч газар байхгүй. Одоогоор хоногт 300 мянган м/куб орчим ус хэрэглэж байна. 2040 он гэхэд энэ тоо 1 сая м/куб болох магадлалтай. Бидний хангаж чадах усны хэмжээ 450 мянган м/куб орчим гэхээр усан сан барихаас өөр аргагүй.

Бас нэг жишээ дурдахад, Өмнөговь аймгийн Даланзадгад сум аймгийн төвүүдээс хамгийн түрүүнд усан бассейнтэй болсон. Говийн хүүхдүүд усанд сэлж сурч байгаа нь маш сайн. Гэвч бассейны усаа бохир луугаа хийчихдэг. Ингэж хаяхын оронд аймгийн төвийн машин угаалгын газруудын түүхий эд болог л дээ. Энэ мэт усны хэрэглээг сайжруулахад анхаарах, ард иргэд, бизнес эрхлэгчдийн үүрэг, дахин хэрэглээг бий болгох хэрэгтэй байгаа юм.


-Дэлхийд хэрэглээд хэвшсэн хаягдал болон саарал усны ач холбогдлыг ойлгож байгаа ч эртнээс нэн тунгалаг цэвэр усаар ундаалж ирсэн ард түмэн сэжиглэнгүй ханддаг. Энэ сэтгэлгээг яаж өөрчлөх вэ?

-Би нэг эмэгтэйд загнуулсан тухайгаа ярья. Чи яагаад миний машиныг хүний хэрэглэсэн бохир усаар угаа гээд байгаа юм гэж бухимдсан. Цагаа тулвал ус бол машинаас үнэ цэнтэй. Жорлонгийн усаар бохирдсон усыг машинаараа туулдгаа тэр бүсгүй санахгүй, дахин ашиглах ус хэрэглэхгүй гэх нь утгагүй. Нэг хүнд өдөрт 5 л цэнгэг ус хэрэгтэй, бусад хэрэглээгээ дахин ашигласан усаар хангаж болно. Урд хөршид буудалд буухад крантны ус нь дахин ашигласан ус учир ууж болохгүй гээд 2 сав ус тавьсан байдаг. Бид шүршүүрт нь усанд ороод л гардаг атал эх орондоо болохгүй гэж байна. Хүүхдийнхээ уух усыг хамгаалахгүй байгаа нь энэ эмэгтэйн буруу биш бид дутуу тайлбарлаад байна гэсэн үг юм. Тэгэхээр Туул голыг 100 жилийн дараа сайхан хэвээр нь байлгахыг хүсвэл хамгаалах л ёстой. Хамгаална гэдэг нь талбайд гарч жагсаж тэмцэх бус крантны усаа зөв ашиглахыг ойлгуулах л чухал байна даа.



-Хүн амын талаас илүү хувь нь Туул голоос ундаалж ирсэн. Усны тухай хуулиар голын эргээс 50 м зайд барилга барихыг хязгаарладаг ч Туулыг тойроод хотхон босчихлоо. Энэ голын цэвэр ариун байдал өнөөдөр ямар түвшинд байгаа бол?

-Туул, Сэлбэ, Дунд голын усыг шинжлэхэд гэдэсний савханцар нян илэрсэн тул Усны газраас эдгээр голын усанд орж, сэлэхийг хориглох шийдвэрийг өнгөрсөн 8 дугаар сард гаргасан. Би Будапешт хотод сурч байхдаа Дунай мөрний усанд сэлээд 3 хоног биеэр юм туураад баларч байсан. Тэр үед миний монголын ус хамгийн сайхан нь гэж бахархаж байсан бол одоо 50 орчим насандаа Туул голын усанд орж болохгүй гэх мэдэгдэлд гарын үсэг зурж байгаа нь харамсалтай санагдаж байна. Гэхдээ хүүхдүүдээ хамгаалахын тулд ингэхээс өөр аргагүй.

Энэ бүхэн Туул голын эргээс 50-150 метр зайд байшин барьсан хүмүүс өнөөдөр ашиг олсон ч маргааш хүүхэд нь аюулд өртөнө гэж бодохгүй байгаатай холбоотой. Өнөөдрийн өм цөм бус байнгын ашиг байх нь чухал. Тогтвортой хөгжлийн тухай ярих шалтгаан нь ердөө энэ. Богд уулын ам, Зайсанд хамгийн дээд тал нь 3 давхар байшин барих журам байсныг умартаж, 9-10 давхар хотхонууд босгосноор Зайсангийн ундны уснаас гэдэсний савханцар нян илрээд байна шүү дээ.


Дунд голын тэг дунд байшин барьчихаад миний өмч гэх юм. Эд хөрөнгө гэдэг нь хууль ёсны дагуу бий болсон өмчийг хэлдэг болохоос хууль зөрчсөнийг хэлэхгүй. Энэ байшин 30-50 жилийн дараа нурахад барьсан хүний үр хүүхэд ч өртөж мэднэ. Хот гэдэг нь бүхэл бүтэн цогц систем. Нэг нь доголдоход бүгд өртөх чөтгөрийн тойрог. Үүний суурь нь ус гэж боддог. Нийслэлийн дагууд урсаж буй Сэлбэ голын эхнээс авахуулаад Дунд гол, Туул голын 10 гаруйхан км үргэлжлэх талбайд хамгаалалын бүс татаж, байшин, жорлонг нураагаад сайхан хот болгохсон гэж мөрөөддөг. Гол урсдаг газраараа л урсаж, үерлэдэг газраараа үерлэнэ. Нэг л өдөр их үер буухад бүгд амаа барьж харамсах вий. Ирээдүйд сайхан амьдаръя гэвэл дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөөрэй гэж уриалмаар байна. Шугам, хоолойн стандартыг дагаагүйгээс зэвтэй ус ууж байгаагийн адил барилгын стандарт баримтлаагүйгээс ямар аюул болдгийг Турк, Морокко улсын жишээ харуулсан. Үүнийг давтахгүйн тулд ойлгож, сэрээч гэмээр байна.


-Европын Альфийн нурууны усыг чанартай гээд зэс хоолойгоор шууд дамжуулж хэрэглэдэг шүү дээ. Монгол орны усны эрдэслэг, чанарлаг талаар тодруулж ярина уу?

-Хаанаас усаа авахаас их шалтгаална. Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй учир хангай, говь, тал нутгийн ус бүгд өөр. Жишээ нь говьд давсгүй, цэнгэг усыг рашаан гэдэг бол хангайд цэнгэг ус элбэг учир эрдэстэй усыг тэгж нэрлэдэг. Алтан тэвшийн хөндий буюу Хүн чулууны хонхор гэж нэрлэгддэг Улаанбаатарын усаар жишээ авахад гайхалтай цэнгэг устай.

Харин монгол орны 30 гаруй сумын ус ундны усны чанарын шаардлага хангахад хэцүү байгаа. Тухайлбал, Засагт ханы хөх харчуулын нутаг буюу Завхан аймаг байна. Яагаад хөх харчуул гэж нэрлэсэн бэ гэхээр хэт их эрдэстэй ус удаан хэрэглэснээс болж арьс нь чийггүй, бараандуу болсноос үүдэж. Ерөнхийдөө манай орны ус дэлхийд ховор, гайхамшигтай. Арвижуулах, хуримтлуулах, цуглуулах, зөв зүйтэй ашиглах асуудал л тулгамдаж байгаа юм.


Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханы мөнх цаснаас хайлж буй усыг Завхан голд тогтоон барьсан нь Гэгээн нуур. Энэ нуурын усыг 46 км татаад, Говь-Алтай аймгийн Алтай буюу одооны Есөнбулаг сумыг маш сайн чанарын усаар хангаж байна. Усыг холоос татсан учир Говь-Алтай аймгийнхан 5 төгрөгийн ус уудаг. Энэ мэт бид усаа бол ийш тийш татчихаж чадаж байна. харин одоо мөнгөжүүлэх, ган, зэс хоолой хэрэглэх зэргээр шинжлэх ухаан, техникийг ашиглах тухай ярих ёстой. Монголчууд мөнгөн аяга их хэрэглэж байсан нь дэлхийн зарим хүний боддог шиг гоё харагдах гэж биш юм. Мөнгө гэдэг химийн бодис усыг цэнгэгжүүлж, шинж чанарыг нь улам дэмжиж байдгийг ойлгосон учир мөнгөн аяганд ус хийж хонуулаад, өглөө нь уудаг байж.



-Ийм гоё цэвэр цэнгэг усаа бохирдлоос хамгаалах, хадгалахад монгол хүн бүрийн эрхэмлэх 3 чухал зүйл таныхаар юу вэ?

-Хамгийн эхэнд ус хэнийх вэ гэдэгт өөртөө хариулах хэрэгтэй. Үр хүүхэд, ач зээдээ үлдээх ус гэж бодвол өглөө шүдээ угаахдаа крантаа хаахын утга учрыг ойлгоно. Дээврийн усаа цуглуулъя, будаа угаасан усаараа цэцгээ усалъя гэхчлэн хувь хүн хандлагаа өөрчлөх их чухал. Суурин соёл иргэншилд, хэрэв би дуусвал амьдрал дуусна гэдэг бол нүүдэлчдийн хувьд амьдрал дуусдаггүй, үргэлж мөнх эргэлддэг гэж үздэг.


Хоёрдугаарт, бизнесменүүд ашиг орлогоо 20-40 жил тогтвортой үргэлжлүүлэхийг хүсвэл гол усаа хайрлах хэрэгтэй. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг хүний ирээдүйн эрхэм зүйл нь үл хөдлөх хөрөнгийнх нь үнэ нэмэгдэхийг хүснэ дээ. Тэр олон байшингаа зарах гэж байтал Туул гол бохирдож, тасраад, өмхий болчихвол байшингийнх нь үнэ унана. Тогтвортой бизнес эрхэлж, ирээдүйгээ баталгаатай болгоё гэвэл усанд хөрөнгө оруулах хэрэгтэй. Бүх зүйл устай холбоотой. Худалдааны төвүүдэд боловсон бие засах газар байхгүй бол нэг хүн ороод 10 минутаас хэтрэхгүй л гараад явна. Харин сайхан бие засах газартай бол үйлчлүүлэгчийн өнгөрүүлэх хугацаа урт болж, худалдан авалт ч нэмэгдэнэ. 2003-2004 оны үед нэгэн худалдааны төвд судалгаа хийхэд хоногт 22 мянган хүн орж байсан бол бие засах газраа зассаны дараа 23 мянга болж тооны зөрүү нэг их гараагүй ч үйлчлүүлэгчийн тус төвд өнгөрүүлэх хугацаа ихсэж, хүнсний борлуулалтын орлого 40-50 хувь нэмэгдсэн байдаг юм.


Гуравдугаарт, өнөөдөр, маргааш сайхан амьдрахын төлөө улс оршин тогтнодог. Үүний үндэс нь ус. Хэчнээн гоё байшинтай, их цалинтай байлаа ч уух усгүй бол яах юм? Төр засаг, ард иргэд, бизнесийнхэн бүгд усандаа анхаардаг байя. Хөдөө аж ахуйн салбар байгалийн усны эргэлтийг дэмждэг учир би ярьдаггүй. Мал ус уугаад ямар нэг байдлаар байгальд шингэдэг, хоргол нь хүртэл бордоо. Газар тариалан төмс хүнсний ногоо ч эргээд байгальд шингэдэг. Иймд бид хандлагаа өөрчилж, усанд хөрөнгө оруулж, гол, нуураа хамтдаа хамгаалдаг байхыг хүсэж байна.


-Туул голын эдийн засгийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлж болох вэ?

-Мэдээж, Туул голоо ашиглаж байгаа учир үнэ цэнтэй. Одоогоор, Туул голын үнэ цэнийг нийслэл, магадгүй Монгол Улсын оршин тогтнох эсэхтэй тэнцэх хэмжээний гэж хэлнэ. Усыг юугаар ч үнэлж, дүйцүүлэх боломжгүй. Мөнгөөр үнэлэх шаардлагатай бол бидний олж буй бүх ашиг орлого нийлээд Туул голын үнэ цэн юм. Туул гол Тэрэлжээс Цонжин болдог хүртэл цэврээрээ урсаад, Налайхаас эхлэн бага зэрэг, Зайсангийн гүүрнээс бохирдож, Сонгины гүүрний орчим асар их бохирдон, Алтанбулаг, Өндөрширээт, Лүн хүртэл 100 км урсахдаа бага зэрэг цэвэршээд, Лүнгийн гүүрнээс доош Заамар хүрэхдээ дэлхий дээрх хамгийн их стрэсстэй гол болдог. Ус ашиглана гэхээр шанагаар утгаж аваад хэрэглэхийг хэлэхгүй. Туул гол байгаа учир, мөн Туулыг харахын тулд том цонхтой байр худалдаж авч байгаа нь эдийн засгийн үнэ цэн. Усны эдийн засгийн үнэ цэн нь усыг ашиглаад олж буй ашиг орлогоор нь тодорхойлох боломжтой. Манай улсын ДНБ-ий наяад хувь нь Туул голын үнэ цэн болж хувирч болно гэхэд хилсдэхгүй байх.


-Туул голд 3 газар усан сан байгуулах боломжтой гэдэг. Хэзээ ажил хэрэг болох вэ?

-Ажил хэрэг болгодо олон бэрхшээл тулгарч байгаа. Наад зах нь 3 байршлын алийг сонгох вэ? Усан сан барих боломжтой хамгийн дээд талын газар нь нийслэлээс 80 км зайтай. Ийм холоос урт хоолой татах нь өртөг их учир дутагдалтай болчихож байна. Хамгийн ойр байршилд нь айлууд суурьшсан. Хамгийн гол бэрхшээл нь санхүүжилт. Усанд хөрөнгө оруулсан хүн усны эзэн байж болохгүй. Усны салбарын хөрөнгө оруулалтын хамгийн чухал нь энэ юм. Ус зараад мөнгө олно гэдэг хөрөнгө оруулагч байвал аюултай. Усны хөрөнгө оруулалт ашгийн бус байх ёстой, дуртай нь хөрөнгө оруулна гэсэн утга биш. Усан сан байгуулахад 500 саяас дээш ам.доллар хэрэгтэй. Энэ нь манай жилийн төсвийн 10 хувь гэхээр хүндрэлтэй болчихдог. Үндсэн хуульд ус бол төрийн, нийтийн өмч гэж заасан учир хэн нэгэнд өмчлүүлэхгүйн тулд ухаалаг хөрөнгө оруулах, түүнийгээ усны өмчлөлийн асуудалд холбогдох боломжгүйгээр шийдэхэд алсын хүндрэл тулгараад байгаа. Үүнд уран ухаан л хэрэгтэй байна даа.



Ганцхан Туул бус Хэрлэн, Орхон, Ховд, Эг, Байдраг, Онги гол дээр олон асуудал ярьж байгаа учир бүгдэд нь маш сайн анхаарах ёстой. Эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны бүх шинжилгээ судалгааг нарийн хийж, уур амьсгалын өөрчлөлтийн шинэ нөлөөллийг судлах ёстой. Үүнд инженерийн нарийн шийдлүүд хэрэгтэй.


-Сүүлийн үед айл бүр хашаандаа худаг гаргах болж. Энэ нь хэр зөв зүйл вэ?

-Худаг гаргаж буй хүмүүсээс жорлонгийн ус яагаад уугаад байгааг асуумаар санагддаг. Учир нь тэр айлын худгийг бохирдуулах жорлон нь хажуу хашаанд нь байж байдаг. Дэлхий дээр бид эзэнт улсыг хашаагүй байгуулж чадсан хүмүүсийн үр удам. Хашаалж, хязгаарладаггүй. Гэтэл одоо амиа бодож хашаалж байгаа нь толгойдоо хашаа барьсантай холбоотой юм.

Манай оронд одоогоор 70 мянган худаг байгаагийн 17 мянга нь нийслэлд бий. Нийт нутаг дэвсгэрийн 0,04 хувийг Улаанбаатар эзэлдэг. Гэтэл нийт худгийн 4-ний нэг нь Улаанбаатарт байна. Албан бус тоогоор нийслэлд 680 мянган нүхэн жорлон бий гэхээр нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Ийм нөхцөлд худгийн ус эрүүл байх уу? Худаг гаргаж буй хүмүүс үр хүүхдэдээ ийм л ус уулгаж байна. Нийслэлд худаг бол шийдэл биш. Харин хөдөөд аль болох олон худаг гаргаж, хоорондын зайг нь ойртуулснаар малын хөлийн талхагдал, бэлчээрийг эзэнтэй болгох юм. Хөдөөд худаг хэрэгтэй болохоос жорлон дунд худаг гаргаж өөрсдийгөө хорлох нь маш буруу.


-Худгийн тооноос илүү олон жорлон байгааг цөөлөх, боловсон болгох зөв арга зам, гарц юу байна вэ?

-Нийслэлд энэ оны 10 дугаар сарын байдлаар 75-аас дээш насны 476 хүн ясаа хугалж гэстээсний 60-70 хувь нь ахуйн орчинд, жорлон руугаа явж байгаад бэртжээ. Бага насны хүүхэд нүхэн жорлонд орж чадахгүй учир гадуур нь бие засаж, түүн дээр нь настангууд хальтирч байна. Жорлонгоо дулаалж, гэрэлтүүлэн, суултуур тавиад, үнэргүй болгох нь иргэдийн хийх зүйл. Иргэд жорлон гэдгийг гэрийнхээ нэг хэсэг гэж үзээд нүхэн байсан ч цэвэр байлгаж сурах хэрэгтэй. Төрөөс хот байгуулахын тулд цэвэр, бохир усны шугамаа бүрэн холбох зорилго байх ёстой юм.


-Мянганы Сорилтын сангийн төслөөр үйлдвэр барьснаар цахилгаан станцад гүний ус бус техникийн дахин боловсруулсан ус нийлүүлнэ гэж ойлгож байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг яаж тогтвортой байлгаж байна вэ? Тус үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилтнууд бэлэн үү?

-Боловсон хүчний тухайд санаа зовохгүй байна. МСС нийслэлийн Биокомбинат, Шуваан фабрик орчмоос усны шинэ нөөц илрүүлээгүй бол Улаанбаатар хот 2030 онд ундны усны хомсдолд орох байсныг шийдсэнээрээ ач холбогдолтой. Төв цэвэрлэх байгууламжаас гарах усыг дахин цэвэршүүлээд цахилгаан станцад өгье гэж байна. Цахилгаан станцын үнс зайлуулахад цэвэр ус хэрэглэх шаардлагагүй юм. МСС төслийн дүнд усны нөөцөө нэмж, усны дахин ашиглалтыг бий болгож чадлаа. Хоногт 50 мянган м/куб ус хэмнэх боломжтой. Төсөл дуусахад 3, 4 дүгээр цахилгаан станц хоногийн 50 мянган м/куб дахин ашигласан ус авна гэсэн үг. Мөн, Коко Коло компанийн хаягдал усыг Амгалангийн цахилгаан станц авах тухай ярьж байна. Ингэснээр усны дахин ашиглалтыг эхлүүлж, үр ашиг нь харагдана. Жишээлбэл, 4-р цахилгаан станц Усны газраас дүгнэлт гаргуулаад жилд 600 сая орчим төгрөг төлдөг. Цэвэр ус хэрэглэхээ больчихвол энэ мөнгийг хэмнэнэ. Эдийн засгийн үр ашгаар тооцвол МСС хийж буй ажил үнэлж баршгүй гавьяатай үйл юм. Усны салбар хүний нөөцийн хомсдолд орж байгаа нь үнэн ч богино хугацаанд шийдэх боломжтой. МСС үйл ажиллагаа явуулаад 3-4 жил болоход ШУТИС-д усны чиглэлээр сурах оюутны тоо нэмэгдсэн. Харин гадаргын ус, газрын доорх ус, усны барилга байгууламжийн инженерийн ангийн ооюутны тоо нэмэгдэхгүй байгаад санаа зовж явдаг.



-Монгол орны нутаг дэвсгэрийн гүний усны 16 хувийг судалсан байдаг. Үлдсэн хэсгийг судална гэж байсан юу болсон бол?

-Монгол орны нутаг дэвсгэрийн 17 хувьд газрын доорх усны, 80 гаруй хувьд нь геологийн судалгаа хийсэн байгаа. Усны эрэл хайгуул хийгээгүй нь сүүлийн 30 жилийн алдаа. Алт, зэсээ хайдаг ч усаа хайдаггүй. Хаана ч газар ухсан ус гарна. Гэхдээ танд хэдий хэмжээний ус хэрэгтэйг мэдэх нь чухал учир газрын доорх усны эрэл хайгуулаа үргэлжлүүлэх ёстой. Төсөв хөрөнгө ч нэмэгдэж байгаа тул гүний усны эрэл хайгуул хийнэ. Хангалттай ус олох, энэ нь ундны усны шаардлага хангах эсэх, газрын доорх усаа уул уурхайд ашиглуулах эсэх нь бидний шийдэх зүйл. Ингэхдээ усны нөөцөө бүрэн дүүрэн тодорхойлох ёстой. Хаана ус байгаагаа мэдэж, менежмент хийнэ. Ойрын 10 жилд одоо байгаа 17 хувийг 50-60 хувьд хүргэхүйц судалгаа шинжилгээ хийнэ гэж найдаж байна.


-Төв цэвэрлэх байгууламж одоо хэр ажиллаж байгаа вэ, стандартаа барьж чадаж байгаа болов уу?

-Хоногт 170 мянган м/куб ус цэвэрлэх боломжтой Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаараа сайн ажиллаж байгаа. Харамсалтай нь бид хоногт 200 мянган м/куб илүү ус нийлүүлдэг. Иймээс л машин угаалгын газарт усаа дахиж ашиглая гээд байгаа юм. Төв цэвэрлэх байгууламжид очиж буй усны хэмжээг багасгаж чадвал усаа илүү цэвэрлэж, Туул голын бохирдол ч багасна. Ингэснээр хүүхдүүд ханиад хүрэх нь, эмнэлгийн ачаалал ч багасна. Шүдээ угаахдаа усаа хаа гэдгийн ард Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасаж, цэвэрлэгээ нь сайжирснаар Туул гол цэнгэгшихээр барахгүй бид эрүүл саруул амьдрах юм.


-Монголчуудын усанд хандах хандлага нүүдлийн соёлтойгоо холбоотой өвөрмөц онцлогтой. Энэ хандлага орчин цагт хэр өөрчлөгдөж байна вэ?

-Асар их өөрчлөгдөж байна. Унгарт их сургуулиа төгсөөд, францын эрдэмтэнтэй 2005 онд монголд ажиллаж байхад тэрбээр, “Танай Монголд байгаль орчны хууль хэрэггүй юм байна. Ёс заншлаа дагачихвал байгалиа гайхалтай хамгаалдаг хүмүүс юм” гэж хэлсэн. Би тэр үед хуулиар бүхнийг зохицуулна гэж итгэсэн залуу хуульч байсан болохоор гүйцэд ойлгоогүй санагддаг.  Одоо эргээд санахад ус, байгальтай холбоотой зан заншлаа хадгалж, ойлгуулж чадсан бол сайхан байх байж гэж боддог. Жишээ нь булгийн эхийг булингартуулахгүй, энд байшин барихгүй, усанд сүү, цус, бохир сав суулга хийхгүй, шөнө булагт очихгүй гээд олон сургаал бий дээ.


Нэг сонирхолтой зүйлийг өгүүлэхэд, японы нэртэй эрдэмтэн монголд ирж илтгэл тавих үеэр уулзахад, “Чиний ярианаас ажихад монголчууд миний гаргаж ирэх гээд байгаа ус амьтай гэдгийг мэддэг юм биш үү” гэсэн. Учир нь монгол хүмүүс нялх хүүхэд уйлж хөлсөхөд, аяганд ус хийгээд нар буруу 3 эргүүлээд хаяавчаар цацдаг, хүүхдийн тархи хөдлөхөд унтаж байхад нь ус балгаад гурван удаа тургиад зүгээр болчихдог гэхчлэн усаар хийх домууд байдаг. Тэр эрдэмтэн, “Миний ярьж буй ус амьтай гээд байгаа нь та нар хүүхдийн биед байгаа муу энергийг усанд шингээгээд хаячихаж байгаатай зүй нэг юм” гэж билээ. Ийм сонин, хүчтэй соёл, зан заншилтай ард түмний үр сад үүнийгээ мартаж байна. Мартахгүйн тулд тэр соёлоо хэвээр нь үргэлжлүүлэх ёстой. Харамсалтай нь бид наад зах нь морь унахаа больсноор “морь харна” үг ч хэрэглэхээ байж. Өөр соёл гэнэт хүчтэй нэвтрээд, нүүдлийн соёлоос суурин соёлд шилжиж байгаа учир бид энэ хоёр соёл иргэншлийн дунд төөрчихөөд байна. Аль болох нүүдлийн соёл уламжлал, зан заншлаа ихээр авч үлдэж чадвал хэрэгтэй.


Монгол ахуйд өглөөдөө Ганга нуур, уул усандаа сүүгээ өргөн залбирахыг сонсож өссөн хүүхэд хэзээ ч нуураа бохирдуулж, устгахгүй. Гэтэл одоо цонхны салхивчаар сүү өргөж, машин муухай болгож байгааг материаллаг хор хохирлоор тайлбарлаж байна. Зэлнийхээ дэргэдээс сүү өргөж буй хүмүүс байшингийн цонхоор өргөөд ирэхээрээ ойлголт нь ондоо болчихоод байгаа юм. Бүгдээрээ ядаж гол, устай холбоотой уламжлалаа аваад үлдэх юмсан. Булгийн эхийг тойруулаад хашаалж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн. Мөн хамгаалалтын бүсээ томруулаад татмын ойжуулалт хийхээр төлөвлөөд байгаа. Булгийн тархи гэдэг үг тэнд мал ч оруулахгүй хамгаалж чадвал булаг сэргэдгийг өвөг дээдэс маань мэддэг байж. Бид олон заншлаа алдсан байж магадгүй ч одоо байгаагаа тээж үлдэх л хэрэгтэй дээ.


-Дэлхийн ард түмний усанд хандах хандлага ямар байдаг юм бол?

-Улс орон бүрийн усны менежемнт, усанд хандах хандлага өөр юм. Үүнийгээ дагаад усны инженерчлэлээ өөрөөр хөгжүүлдэг. Далайн эргийн хүмүүс нь далайтай хэрхэн харьцах, өндөрлөгт байдаг хүмүүст мөнх цас хайлах нь асуудал юм. Голлландчуудын сэтгэхүй нь үер, их уснаас хамгаалах. Голландын алдартай салхин тээрэм газар доорх усыг гаргаж холдуулах хэрэгсэл юм. Австралийн эрэг орчмын хотуудад далайн аюулаас хамгаалах нь чухал бол төвд нь буй иргэд ус яаж олох, усны нөөцөө хамгаалах нь чухал байдаг. Израйлчууд далайн усыг цөл рүү яаж татах, давснаас нь ялгаж цэнгэгжүүлэх тухай хэлэлцэж байна. Унгарчууд 2 том мөрний эрэг дээр байдаг учир уснаас хамгаалах тухай ярьж байхад, дунд цэгт нь байгаа газарт ган болдог тул ган, үераас хамгаалах ажиллагааг яаж уялдуулах тухай ярьдаг. Хойд хөршийнхөнтэй мөнх цас хайлж байгаа тухай ярьвал сонин биш. Иймээс бид өөрсдийн нөхцөлд тохирсон менежментээ олох хэрэгтэй. Улаанбаатар хот орчимд энэ зун үер болж, Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдсэн. Гэтэл Шишгит гол, Цагаан нуурын эрэгт хадлан хадах өвсгүй байгааг харлаа. Үүнд таарсан менежмент хийх ёстой. Усанд хандах хандлагаа өөрчилж, усыг шинжлэх ухааны үндэстэй, ард түмний өв уламжлалд тулгуурлан нөхцөл байдалдаа нийцүүлж, тохирсон арга ухааныг олох л хэрэгтэй.


-Эмээлтэд ЕСБХБ-ны зээлээр урьдчилан цэвэрлэх байгууламж байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байсан юу болсон бол?

-Эмээлт рүү арьс ширний үйлдвэрүүдийг гаргана. Эдгээр үйлдвэрүүд нийслэлийн Туул, Дунд голд асар их бохирдол нийлүүлж, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмдэг. Төв цэвэрлэх байгууламжид зөвхөн ахуйн бохирдол цэвэрлэхээс биш үйлвэрийн бохирдлыг цэвэрлэх боломжгүй. Иймээс үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх асуудал нааштай яригдаж байгаа.

Түүнчлэн, Мянганы Сорилтын сангийн төслийн шугамаар гарч буй усыг ашиглах тухай ярьж байгаа. Удахгүй хэд хэдэн шийдвэр гаргах байх. МСС-ийн хийсэн ажил нь ус бохирдуулсны төлбөр авахын тулд шугам хоолойд нийлүүлж буй бохир усны стандартыг өөрчилж зөөлрүүлсэн. Үүнтэй холбоотой арьс ширний үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламжийг заавал тогтоо гэдэг шаардлага тавьж байгаа тул Эмээлт рүү нүүх байх. Ингэвэл нийслэл орчмын байгальд, усанд үзүүлж буй хортой нөлөөллийг 40-50 хувь багасгах боломжтой.



- Унгар улсад Элчин сайдаар томиогдох хугацаандаа хийж бүтээсэн ажлаасаа юуг онцолж хэлмээр байдаг вэ?

-Элчин сайдаар ажилласан цаг үеэ эргэж дурсах дуртай. Орчин цагт Элчин сайд гэдэг нь дарга биш болсныг ард түмэн ойлгох хэрэгтэй. Улс орныхоо нүүр царай иргэдийнхээ хамагаалагч байх үүргээ гүйцэтгэх ёстой.

Таны асуултад хариулахдаа гурван зүйлд төвлөрч ярья. Намайг Унгарт Элчин сайдаар очиход монголын 70 оюутан суралцаж байсан бол 1200 болсон. Мэдээж, би хийгээгүй ч үүгээрээ бахархдаг. Унгарын Ерөнхий сайд Урбан Виктор Монгол Улсад айлчлах үеэр амласан ёсоороо жил бүр 1200 оюутан авахаар болсон нь үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм.

Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад харилцаа, зөөлөн хүчний бодлогод спортыг ашиглахад багагүй хувь нэмэр оруулсан. Элчин сайд байх үед бүх спортын ДАШТ болж байлаа.

Гуравдугаарт, Унгар, Монгол хоёр улсын 20 дугаар зууны харилцааг аваад үзэхэд, Биокомбинат болон ус, геологийн эрэл хайгуул хийсний хүчинд 30 мянган худаг гаргаж, бэлчээр усжуулахад гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр худгаас Унгарын морин толгойт гээд ганц хоёрхон л худаг үлдэж. Энэ үүднээс Унгарчуудтай хамтраад Байдраг, Хэрлэн голд усны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьсон ч хараахан ажил хэрэг болоогүй байгаа. Элчин сайд гэдэг хүн зөвхөн монгол төрөөс гадна одоо цагт монголын соёл иргэншил, спорт, ард түмэн, жирийн иргэд, оюутнуудыг ч төлөөлөх болсон.


Элчин сайд байхад сайхан үйл явдал, сэтгэл хөдлөм мөч асар олон байсан. Харин бусад Элчин сайдуудад тохиолдоогүй хүнд зүйл байсан нь цар тахал юм. Цар тахлын эхний хэсэгт оюутнуудаа аюулд өртөхөөс их айсан. Ковидын анхны тохиолдол гарахад намайг тусгаарлачихлаа гээд сандарч мэгдээд ярьж байлаа. Хамгийн хэцүү нь 8 сартай жирэмсэн бүсгүй ковидын халдвар авахад хүүхдийг нь аврахын тулд хагалгаагаар авсан. Сэхээнд амьсгалын аппараттай, нөхөр нь хэл мэдэхгүй. Нөхрийг нь дагуулаад ороход эмч нь “Уучлаарай Элчин сайд аа, аппаратыг нь салгахаас өөр ямар ч аргагүй болсон” гэж хэлсэн тэр мөч хамгийн аймшигтай. Ханьд нь хэлэх үнэхээр хүнд байсан. Цар тахлын үеийг мартах аргагүй. Бид 4 ээжийг алдсан. Гадаад харилцааны цаана хүний нүдэнд харагдахгүй маш олон зовлон, жаргалыг үүрч явдаг ажил. Үе үеийн дипломатууд ямар их үүрэг гүйцэтгэсэн нь хүний нүдэнд тэр бүр харагддагүйг хэлмээр байна. Бүх дипломатуудын хийсэн ажил 6, 7 сарааас илүү урт хугацаанд үр дүн нь гардаг. Үе үеийн дипломатууд надад олон зүйл сургасан, цаашдаа ч сурах байх.


-Унгар улсад монгол судлал сайн хөгжсөн байдаг. Монголч эрдэмтдийн залуу халаа хэр бэлтгэгдэж байна вэ?

-Унгарын монгол судлалын ангид жилд арваад оюутан сурдаг. Монголд дурласан, монгол хэл, соёлд татагдсан, түүгээр “өвчилсөн” унгар хүн олон байдаг нь бахархмаар санагддаг. Би 2007-2008 оны үед европын хориод зочин дагуулаад Төв аймгийн Алтанбулаг суманд айлд хорхог, боодгоор дайлуулсан юм. Зочид маань бэлтгэсэн айлд очлоо, жирийн монгол айлд орж үзмээр байна гэхэд нь зам дагуу танихгүй айлд очсон юм. Айлын эзэн хижээлдүү ах, “Хаанахын оросууд вэ?” гэж асуусан. Оросууд гэдэг нь гадаад хүн гэсэн үг шүү дээ. Франц, чех, польш гээд танилцуулж эхэллээ. Энэ хоёр унгар гэж хэлэхэд өнөө ах “Аан, тэгвэл энэ 2 орос биш юм байна шүү дээ” гэсэн юм. Угтаа бол гадаад хүн биш гэсэн утга. Настан бусдыг нь юу ч хэлээгүй атлаа унгар гэхэд “Гадаад хүн биш” гэсэн нь надад, энэ хүн яагаад ингэж хэлэв гэх сонин сэтгэгдэл төрүүлж билээ.

Түүхийг нь авч үзвэл 4 дүгээр зууны үед Уралын нуурууны орчим анхны унгарчуудын тухай бичигдэж эхлээд, 8 дугаар зууны үед Карнобатын хотгорт гарч ирээд, 996 онд улсаа байгуулж. Унгарчуудын дунд өөрсдийгөө Атилла хааны үр сад, мөн аварууд буюу жужанчууд гэх хүмүүс бий. Дэлхий дээрх нүүдэлчин аймгийн том соёл иргэншлийн хамгийн зүүн зах нь Солонгосын хойг, баруун талынх нь одоогийн Унгар улс байсан шиг. Бид садан төрлийн хэлхээтэй, нэг гаралтай гэдэг. Унгарын монгол судлал нь өвөг дээдсээ хайж буй эрэл хайгуулынх нь нэг хэсэг юм. Цаашдаа ч Унгарын монгол судлал нэлээн өндөр хөгжиж тэлэх байх. Бид ч гэсэн монголдоо унгар судлалыг хөгжүүлэх, унгар хэлтэй хүмүүсийн тоог нэмэх ёстой.


Сонирхуулахад, унгар, монгол хэлэнд хоёуланд нь яг ижил дууллага, утга, аялгатай 250 гаруй үг байдаг. Тухайлбал, харанга гэдэг том хонхыг унгараар хоронго гэдэг. Шар өнгө гэхэд шарго, бор өнгийг борго гэх мэт. 1880 аад онд хийсэн судалгаанаас харахад ойролцоо, ижил утгатай 2500 орчим үг бий гэж ярьдаг ард түмэн учир бидний садан төрөл улс европт байна гэсэн үг. Европ тивд одоогоор хамгийн удаан оршин тогтносон улс нь Унгар юм. Франц хэчнээн олон мянган жил оршсон ч төр улс гээд ярихад мянган жил хүрээгүй байдаг. Тэгэхээр Европ тивийн төвд монголчуудыг хамаатан саднаа гэдэг элэгтэй, ойролцоо соёлтой ард түмэн байгаа нь бидэнд давуу тал юм.

 

Холбоотой мэдээ