Газар Дундын тэнгист өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон цагаач амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-10-27 08:54:51

НҮБ. /Xinhua/. 2016 он гарснаас хойш Газар Дундын тэнгист урьд урьдын жилүүдийнхээс илүү олон буюу наад зах нь 3800 цагаачид, дүрвэгчид амиа алдаж, сураггүй болсон гэж НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх Дээд комиссарын газар (UNHCR) мэдэгдлээ.

Өнгөрсөн оны мөн үед 3771 хүн энэ тэнгист амиа алдсан гэх тоо бий. Харин 2015 оныхтой харьцуулахад тус тэнгисийг гатлан Европт хүрсэн цагаач, дүрвэгчдийн тоо мэдэгдэхүйц буурсан байна.

Цагаачид, дүрвэгчдийг шаардлага хангахгүй завиудаар хууль бусаар тээвэрлэж, хил давуулах нь нэмэгдэж байна гэж Дээд комиссарын газар мэдэгдэв.

Лхагва гарагт л гэхэд Ливийн эрэгт хийлдэг завь цоорч живсний улмаас 25 хүн амиа алдсан гэж “Хил хязгааргүй эмч нар” олон улсын ТББ мэдэгдэв. Завинд сууж явсан 100 гаруй цагаачийг тус байгууллагын ажилтнууд аварчээ.

Энэ он гарснаас хойш Газар Дундын тэнгисийг бараг 330 мянган хүн гатлаад байгаа аж. Харин 2015 оны мөн хугацаанд нэг сая гаруй хүн тэнгисийг гатлан Европт очиж байв.

Цагаачдын нэг хэсэг нь ажилд орж, амьдрал ахуйгаа сайжруулах зорилготойгоор Европт ирж байгаа бол нөгөө хэсэг нь дайн байлдаан, ядуурал, улс төр ба нийгмийн тогтворгүй байдлын улмаас улс орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ