Цөмийн зэвсгийг хориглох гэрээний тухай тогтоолын төслийг дэмжихгүй байхыг АНУ уриалав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-10-26 17:41:02

НЬЮ-ЙОРК. /NHK/. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг хууль ёсны болгон батлах асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгосон НҮБ-ын тогтоолын төслийг дэмжихгүй байхыг НАТО-гийн гишүүн улсуудад АНУ-ын Засгийн газар уриалжээ.

Энэ сарын эхээр Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ Нэгдүгээр хорооны хурлын үеэр уг тогтоолын төслийг онцлон хэлэлцэж байсан юм.

Цөмийн зэвсгийг хориглох гэрээг батлахын тулд 2017 оноос хэлэлцээ хийж эхлэхийг цөмийн зэвсэггүй  50 орчим улс орон, тэдгээрийн дотор Австри улсын өргөн барьсан уг төсөлд тусгажээ.

Цөмийн зэвсэгтэй АНУ болон Их Британи уг тогтоолын төслийг эсэргүүцэж байгаа юм. Японы тухайд АНУ-ын цөмийн шүхэр дор байдаг бөгөөд албан ёсны байр сууриа хараахан илэрхийлээгүй байна.

“Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнээс учирч болох батлан хамгаалах салбар дахь нөлөөлөл” гэсэн гарчиг бүхий баримт бичгийг энэ сарын 17-нд АНУ-аас НАТО-гийн гишүүн улсуудад илгээжээ.

Холбоотнуудад илгээсэн уг захидалд “цөмийн зэвсгийг хориглох гэрээ байгуулахын тулд хэлэлцээ хийж эхлэх тухай тогтоолын төслийг дэмжихгүй байхыг НАТО-гийн гишүүн улсуудад АНУ уриалж байна” гэжээ.

Уг тогтоолын төслийг батлах эсэхийг шийдэх саналт хураалт маргааш болно.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ