Прага дахь Үндэсний музей - Чехийн түүхийн хосгүй үнэт сан хөмрөг
МОНГОЛЫН МЭДЭЭ | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн айлчлал
УЛААНБААТАР, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Чех Улсын түүх, соёлын нандин өвийг хадгалж буй Үндэсний музей нь Прага хотын зүрхэн хэсэгт сүндэрлэн оршдог.
1818 онд байгуулагдсан тус музей нь XIX зууны эхэн үед Чех орон романтизм нэвт шингэсэн соёл, үндэсний сэргэлтийн үеийг туулж байсан тул тэр цаг үеийн оюун санааны илэрхийлэл болон үлджээ.
Музейг байгуулахаас өмнө Чехийн жирийн ардууд урлагийн хосгүй бүтээлүүдийг үзэх боломжгүй байв. Учир нь эдгээр бүтээл бүгд язгууртнуудын эзэмшилд байсан юм. Тиймээс музейг нээснээр өргөн олонд өөрийн орны түүх, соёлын өвтэй ойртон танилцах боломж олгосон юм. Чех хэлээр "Národní muzeum" буюу "Ард түмний музей" хэмээн нэрлэдэг нь ч ийм учиртай.
Музейг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол нэрт эрдэс судлаач, палеонтологич, урлагийг ивээн тэтгэгч, гүн Кашпар фон Штернберг юм. Чухам тэрбээр музейн цуглуулгыг төрөлжүүлэн баяжуулсан байна. Эхэндээ тус музей өөрийн гэсэн барилгагүй байсан тул Чехийн язгууртнуудын хувийн цуглуулгуудаас бүрдүүлсэн анхны үзмэрүүдийг эхлээд Гэгээн Якубын хийдэд (Klášteř u sv. Jakuba), дараа нь Храдчан дахь Штернбергийн ордонд (Šternberský palác), харин 1845 оноос эхлэн Пршикопе гудамж дахь (Na Příkopě) Ностицкийн нэг давхар жижиг ордонд (Nostický palác) хадгалан ажиллуулж байжээ.
Үндэсний музейн гол барилгыг 1885-1890 онд алдарт архитектурч Йозеф Шульцын гаргасан зургийн дагуу неоренессанс хэв загвараар барьжээ. Энэхүү сүрлэг барилгыг барихад зориулж Чехийн өнцөг булан бүрээс авчирсан байгалийн төрөл бүрийн чулууг ашигласан байна. Тухайлбал, Горжицегийн элсэн чулууг музейн өмнөх талбай дахь гурван үетэй, хагас дугуй усан оргилуур болон баримлуудыг барихад ашиглажээ.
Усан оргилуурын дээр шинжлэх ухаан, урлагийн тэнгэр Бохеми бурхан сууж байх агаад хоёр талд нь тохойгоо тулан хажуулдан хэвтэж буй залуу эмэгтэй ба ахимаг насны эрийг дүрсэлсэн баримлуудыг босгожээ. Залуу эмэгтэй нь Влтава мөрнийг, харин ахимаг насны эр нь Эльба мөрнийг бэлгэднэ.
Эдгээр хөшөөний хоёр талд нь чех үндэстний түүхэн газар нутгууд болох Моравийг бэлгэдэж тариан түрүү тэвэрсэн залуу эмэгтэй, Силези нутгаа төлөөлсөн, нэхмэлийн машины утас сүвлэгч барьж буй залуу эрийн баримлыг байрлуулжээ. Эдгээр баримал бол Чехийн газар нутаг хэзээ ч хуваагдашгүй бүрэн бүтэн байхын бэлгэдэл юм. Музейн өндөр бөмбөгөр оройн дор Чехийн соёлыг түгээн дэлгэрүүлэгч 72 алдартны нэрсийг алтан үсгээр товойлгон сийлсэн байдаг.
Музейн гаднах үзэмж загвар нь доторх эд зүйлстэйгээ төгс зохицсон бөгөөд барилгын уран хийц бишрэл төрүүлнэ.
Музейн барилгыг ашиглалтад оруулснаас хойш 1945 оныг хүртэл засвар хийгээгүй байна. Харин 1945 онд Дэлхийн II дайны үеэр бөмбөгдөлтөд өртсөн боловч үзмэрүүдийг урьдчилан аюулгүй газарт шилжүүлсэн байсан тул хохиролгүй өнгөрсөн бөгөөд музейд 1947 онд засвар хийсний дараа дахин нээжээ.
1968 онд Варшавын гэрээний орнууд довтлох үеэр музейн нүүрэн тал Зөвлөлтийн цэргүүдийн пулемётын галд өртөж ихээхэн сүйдсэн аж. 1970-1972 оны хооронд засварласан ч сумны нүхнүүдийг нөхөхөд илүү цайвар өнгийн элсэн чулууг ашигласнаас болж дайнд сүйдсэний ул мөр одоо ч харагддаг.
2011 онд барилгыг бүрэн сэргээн засварлахаар хаасан ба музейн их засварыг 2015 онд эхлүүлж, шинэ барилгыг ч барьжээ. Өдгөө хоёр барилгыг газар доорх гарцаар холбожээ.
2018 оны 10 дугаар сарын 28-нд үүд хаалгаа дахин нээсэн энэ музей Чехийн түүх, соёлын өнө мөнхийн өвийг эрхэмлэн хамгаалж, чех түмний өв соёлыг алдаршуулан түгээж байна.
Музейн гол үзмэрүүд нь Чехийн ард түмний түүх, соёл, зан заншилтай холбоотой цуглуулгуудаас бүрддэг. Үүнээс гадна байгалийн болон суурь шинжлэх ухаанд хамаарах асар олон төрлийн үзмэрийг энд үзэж болно. Номын санд нь хадгалагдаж буй цуглуулга нь үнэхээр баялаг, өвөрмөц бөгөөд олон зууны түүхийг өгүүлэх 8000 гаруй гар бичмэл, нэг сая орчим ховор ном бий.
Прага хотын 10 гаруй газарт байнгын үзүүллэгийн 20 танхимтай, 20 сая гаруй үзмэртэй тус музей бол Чех улс, Европын орнууд хоорондын соёл, түүхийн нягт харилцааг харуулах үүргийг гүйцэтгэдэг ба эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европын томоохон музейнүүдийн нэг юм.