Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн согтууруулах ундааны хэрэглээ ижил түвшинд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-10-25 11:13:07

ВАШИНГТОН./ВВС/. Эмэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ эрэгтэйчүүдийнхтэй бараг адилхан байгааг олон улс оронд явуулсан согтууруулах ундаа хэрэглэх зуршлын талаарх судалгаа харууллаа.

1891-2001 оны хооронд төрсөн дөрвөн сая хүний дунд явуулсан судалгаагаар эрэгтэй хүмүүс нь эмэгтэйчүүдээс хавьгүй илүү хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж, эрүүл мэндээ муутгадаг байсан байна.

Гэтэл сүүлийн үеийн залуучуудын дунд энэ хандлага бараг үгүй болж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн согтууруулах ундааны хэрэглээ бараг ижил түвшинд хүрсэн байна гэж “BMJ” компани судалгаандаа дурджээ.

Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан согтууруулах ундааны хэрэглээнд тэнцвэрт байдал үүсч байгаа гэнэ.

1900-гаад оны эхэн үед төрсөн эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийг бодвол 2.2 дахин илүү согтууруулах ундаа хэрэглэж байсан бөгөөд гурван дахин илүү их асуудал үүсгэх хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэдэг байжээ. Үүнээс шалтгаалан эрэгтэйчүүд нь согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалан элэгний цирроз гэх мэт өвчинд нэрвэгдэх магадлал эмэгтэйчүүдтэй харьцуулахад 3,6 дахин их байсан байна.

Гэтэл 20 дугаар зууны сүүлчээс эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн согтууруулах ундааны хэрэглээ бараг ижил түвшинд хүрсэн байна. 20 дугаар зууны сүүлчээр төрсөн эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийг бодвол 1.1 дахин илүү согтууруулах ундаа хэрэглэх магадлалтай ба 1.2 дахин их илүү асуудал үүсгэх түвшинд согтууруулах ундаа хэрэглэдэг болсон байна. Харин эрүүл мэндийн хувьд 1.3 дахин илүү хохирол амсах магадлалтай болжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ