Туул голын цэвэрших явц Алтанбулагаас цааш алдагдсаныг тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-24 18:06:02

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд нэр бүхий иргэдээс Туул голын бохирдолтой холбоотой өргөдөл иржээ. Өргөдөлтэй холбогдуулж, албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг тус байнгын хороо өнөөдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.

Сүүлийн үеийн мэдээнээс үзвэл, Улаанбаатар хот болон Заамар орчимд Туул голын бохирдол хамгийн их гэж гарсан байна. Голын бохирдолд нөлөөлж буй голлох хүчин зүйлийн нэг нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох явдал аж. Өөрөөр хэлбэл, хайрга дайргыг голын дунд болон эргээр олборлож байгаа нь ихээхэн нөлөөлж буйг тогтоожээ. 

Одоогийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт 206 тусгай зөвшөөрөл эзэмшигч бий. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гэхэд 50 лиценз байдгаас 11 нь хайгуулын, 39 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, үүний 26 олборлолт эхлээгүй, 23 нь олборлолт явуулдаг.  Эдгээрийн аж ахуй нэгжүүдийн нийт үйл ажиллагаа явуулж буй талбай 3414.9 га, 2014-2015 оны хооронд эвдрэлд оруулсан талбайн хэмжээ 184.3 га. Үүнээс 67.4 га-д техникийн нөхөн сэргээлтийг хийжээ.

Голын бохирдолтод нөлөөлж буй өөр нэг эх үүсвэр бол цэвэрлэх байгууламжуудын доголдол аж. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон боловсруулах үйлдвэр, авто угаалгын газрууд, тэдгээрээс гарч буй технологийн хаягдал шууд бус замаар Туул голын бохирдолд нөлөөлдөг байна. Учир нь цэвэрлэх байгууламжууд тэдгээрээс гарсан хаягдалыг дутуу цэвэрлэдэг. Бохир ус цэвэрлэх байгууламжуудыг судлаад үзэхэд, 1960-1970 онд ашиглалтад орсон, технологийн хувьд хуучирчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага дээрх зөрчлийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороон дахь 27 арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагааг зөрчлөө арилгатал түр зогсоох, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудын лицензийг цуцлах зэрэг саналыг  зохих байгууллагуудад хүргүүлж ажилласан байна. Цаашид авах арга хэмжээний хүрээнд цэвэрлэх байгууламжуудад технологийг шинэчлэх, голын дагуух аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг Улаанбаатараас гаргах, Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс дэх айл өрх, компаниудыг нүүлгэх шаардлагатай  гэж МХЕГ-ын хэлтсийн дарга Я.Баярболд хэллээ. 

Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар бол Туул гол Сонсголын гүүрээс Алтанбулаг хүртэл ихээхэн бохирдолтой байдаг. Өмнө нь Алтанбулагаас цааш өөрөө цэвэрших үйл явц харагддаг байсан бол одоо цэвэршихээ байсан хэмээн ярьж байв.

                                                                                                                                                               Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

Холбоотой мэдээ