ХОВД: Газартай холбоотой зөрчлийг арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Иргэдийн саналыг үндэслэн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин газар албадан чөлөөлөх тухай А/50 тоот захирамж гаргажээ.
Үүнтэй холбогдуулан тус
сумын Засаг даргын орлогч Н.Батсүрэнгээр
ахлуулсан ажлын баг томилогдож, газартай холбоотой зөрчлийг арилгах чиглэлээр ажиллаж
байна.
Тус ажлын баг өнөөдөр Буянт багийн нутаг дэвсгэрт газрын талбайн хэмжээгээ
хэтрүүлэн хашаалсан иргэн Т-ийн хашааг албадан чөлөөллөө.
Тодруулбал, иргэн Т нь Буянт багийн нэгдүгээр гудамжны 2, 3, 4
тоотод байх 2.276 мкв газар /хуучин нисэх/-ыг орон сууцны зориулалтаар өмчлөх
эрхийг шилжүүлэн авсан бөгөөд уг газарт барилгын түр
хашааг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай
руу татсан байна.
Үүнд мэргэжлийн байгууллагаас хяналт тавьж, зөрчлийг арилгах тухай
мэдэгдэл хуудас хүргүүлжээ. Гэвч шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тул
тухайн хашааг буулган, газрыг албадан чөлөөлсөн юм.
Тухайн байршил нь авто замын уулзвар, явган хүний замтай ойролцоо,
замын хөдөлгөөний нягтрал ихтэй бүс юм. Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашсан
талбайг ийнхүү чөлөөлснөөр зам тээврийн осол болон бусад эрсдэлээс урьдчилан
сэргийлэх боломж бүрдэж байна.
Цаашид зөвшөөрөлгүй болон талбайн хэмжээгээ хэтрүүлэн хашаа татсан
иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэж Ховд аймгийн Жаргалант
сумын ЗДТГ-аас мэдээллээ.