Охид, эмэгтэйчүүдийн оролцоо буюу шинжлэх ухааны хөгжлийн хурдасгуур

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-11 11:02:43

УЛААНБААТАР, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70/212 тоот тогтоолоор 2016 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 11-ний өдрийг шинжлэх ухааны салбарын охид, эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр болгон тэмдэглэж байна.


Энэхүү тэмдэглэлт өдрийг бий болгосон нь эмэгтэйчүүд, охидод боловсрол эзэмших, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх, шинжлэх ухааны салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, энэ салбарт ажиллах сонирхолтой охидыг чадавхжуулах, шинжлэх ухаан, техник, инновацыг хөгжүүлэхэд эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах зорилготой.


Сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, тэднийг шинжлэх ухааны салбарт татан оролцуулах тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан билээ. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд STEM буюу байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математикийн салбарт тэдний төлөөлөл хангалтгүй, хүйсийн ялгаа оршсоор байна.


STEM дэх жендэрийн ялгааг арилгах нь эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхий дахины өмнө тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд нэн чухал. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр эрдэм шинжилгээ-судалгааны ажилд олон ургальч, олон талт байдал, шинэлэг бүтээлч санаануудыг авчирч, шинжлэх ухааны хөгжлийг хурдасгах чухал хөшүүргийг бий болгоно.


Түүчээлэгч эмэгтэйчүүд


Хэдэн мянган жилийн хугацаанд нийгэмд тогтсон эмэгтэйчүүдийн талаарх буруу ташаа ойлголт, хэвшмэл сэтгэлгээ, сөрөг хандлагын улмаас шинжлэх ухаанд тэмүүлсэн эмэгтэйчүүдийн замнал урт удаан хугацаанд асар их бартаа саадыг туулсан юм.


Гэхдээ хүн төрөлхтний түүхийн бүх цаг үед зам мөрийг гаргагч анхдагчид байсан билээ.


Дэлхийн хамгийн анхны эмэгтэй эрдэмтэн бол эртний Египетэд 5 мянга орчим жилийн өмнө амьдарч байсан Мерит-Птах гэдэг эмч хүн болой. Мөн Ромын эзэнт гүрний үед математикч байсан Александрын Гипатия гэдэг эмэгтэйг анхдагч гэж үздэг. 


Дундад зууны үед Европт их сургуулиуд дөнгөж байгуулагдаж байх тэр үед эмэгтэйчүүдийг тийш нь огт зүглүүлдэггүй байв. Иймээс шинжлэх ухааныг сонирхдог бүсгүйчүүд сүм хийдэд шавилан сууж мэдлэг боловсрол олж авдаг байжээ. Соён гэгээрлийн үед эмэгтэйчүүдийн боломж арай тэлсэн боловч энэ нь зөвхөн язгууртан дээд зиндааны эмэгтэйчүүдэд хамаатай байлаа.


18 дугаар зууны дунд үед Италийн физикч Лора Басси Европын их сургуулиуд дахь анхны эмэгтэй профессор болж байсан бол Францын математикч Софи Жермен геометр, тооны ба механикийн онолд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.


Дөнгөж 19 дугаар зууны эхээр л их сургуулиудын эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд багтах болж, тэдний бүтээлүүд шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэж эхлэв. Тухайлбал, Их Британийн математикч Ада Лавлейс программчлал, тооцоолон бодох системийн үндсийг тавьсан бол Оросын математикч Софья Ковалевская математикийн ухаанаар дэлхийн анхны профессор эмэгтэй болж, Петербургийн шинжлэх ухааны академийн анхны эмэгтэй гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр гол бүтээлүүдээ математик анализийн чиглэлд “дифференциал тэгшитгэл ба аналитик функц”, механикийн салбарт “хөдөлгөөнгүй цэгийг тойрон эргэх хатуу биетийн хөдөлгөөн”, одон орны салбарт “Санчир гаргийн бүслүүрийн хэлбэр” сэдвүүдээр туурвижээ.


XIX ба XX зууны зааг дээр феминист буюу эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл эрчимжсэнээр шинжлэх ухаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо тэлж, ХХ зууны дунд үе гэхэд “эмэгтэй эрдэмтэн” гэдэг үг гайхшрал төрүүлдэг байсан цаг ард хоцорч, хуучинсаг хүмүүсийн бодол ч өөрчлөгдөв. Үүний тод жишээ бол, 1903 онд анх удаагаа эмэгтэй хүн Нобелийн шагнал хүртсэн явдал юм. Энэ хүн бол радио идэвхт бодисын тухай онолын үндсийг тавьсан польш-франц гаралтай физикч, химич бүсгүй Мария Склодовская-Кюри билээ. Тэрбээр Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн цорын ганц эмэгтэй бөгөөд 1911 онд радий, полони гэдэг цацраг идэвхт хоёр элементийг нээжээ. Цацраг идэвхт бодисуудыг судалсан түүний бүтээлүүд нь орчин үеийн цөмийн шинжлэх ухааны эх суурийг тавьсан билээ.


Эмэгтэйчүүдийн оролцоо тооны хэлээр


Кюригээс хойш 2022 оны байдлаар ердөө 24 эмэгтэй эрдэмтэн физик, хими, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртээд байгаа бол уг шагналыг авсан нийт хүний тоо 630-аас даваад байна.


Гэсэн хэдий ч XXI зуунд охид эмэгтэйчүүд инновацын салбарт идэвхтэй ажиллаж, амин чухал эм тариаг гарган авч, ДНХ-ийн бүтцийг судалсаар байна.


Охид бүсгүйчүүд их дээд сургууль, коллежид элсэх үедээ шинжлэх ухааны салбарыг эрэгтэйчүүдтэй адил сонирхдог боловч дээр дурдсан STEM /байгалийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик/ мэргэжлээр АНУ-ын их дээд сургууль төгсөгчдийн 25-аас доош хувь нь эмэгтэйчүүд байна. Математик, одон орон судлал зэрэг салбарт тэдний оролцоо 10 хувьд ч хүрэхгүй байгаа ба цалин нь эрэгтэйчүүдийнхээс 20-30 хувиар доогуур байна.


Энэ бүхний шалтгаан бол, эрэгтэйчүүд ба тэдний хүрээлэлд багтдаг хуучинсаг үзэл бодолтой эмэгтэйчүүдийн зүгээс ялгаварлан гадуурхах хандлага гаргадаг, эмэгтэй оюутнууд, аспирантууд математикийн авьяас чадвартаа эргэлздэг, өөрсдийгөө шинийг санаачлагч, зохион бүтээгч инженер болно гэдэгт итгэл  муутай  байдаг учраас сургуулиа орхидог, мөн эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө мэргэжлээрээ ахиж дэвших боломжоо золиослодог явдал юм.  


ЮНЕСКО-гийн 2018 онд хийсэн судалгаагаар, дэлхий даяар ажиллаж буй судлаачдын 28,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бөгөөд тэдний эзлэх хувь хамгийн өндөртэй бүс нутгууд бол Төв Ази /48.1 хувь/,  Латин Америк ба Карибын сав газар /45.4 хувь/ , Арабын улсууд   /39.8 хувь/ Төв ба Зүүн Европ /39.5 хувь/ юм. Тодруулбал, инженерийн дипломтой эмэгтэйчүүдийн эзлэх хувиар Алжир /48,5 хувь/, Марокко /42,2 хувь/, Оман /43,2 хувь/, Сири /43,9 хувь/, Тунис /44,2 хувь/ зэрэг Арабын улсууд тэргүүлж байх жишээтэй.


Ерөнхийдөө, эмэгтэйчүүд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн ба хүмүүнлэгийн ухааны салбарын судалгааны ажилд илүү идэвхтэй оролцож  байна. Гэтэл мэдээлэл-харилцаа холбооны технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн дөнгөж 3 хувь, байгалийн шинжлэх ухаан, математикийн салбарынхны 5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь тун чамлалттай тоо юм.


ЮНЕСКО-гийн тооцооллоор, шинжлэх ухааны салбар дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн дэлхийн дундаж үзүүлэлт 33,3 хувь байгаа ажээ. Харин Люксембург /32,5 хувь/, Унгар /30,8 хувь/, Финланд /30,3 хувь/, Герман /27,9 хувь/ улсуудын үзүүлэлт доогуур байгаа нь эмэгтэйчүүдийн оролцоо нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийн түвшнээс хамаардаггүй болохыг харуулж байна. Орос улсад гэхэд, дээд боловсролтой эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс олон боловч /55:45/ диплом авсныхаа дараа эмэгтэйчүүд эрдэм шинжилгээний ажлын мөр хөөх нь ховор ажээ.  Үүний зэрэгцээ АНУ, Хятад, Энэтхэг зэрэг эдийн засгаараа тэргүүлэгч улсууд энэ талаар статистик мэдээлэл цуглуулдаггүй эсвэл мэдээллээ ил гаргадаггүй байна.


Өнөөдөр шинжлэх ухаан дахь хүйсийн тэгш байдал нь НҮБ-аас 2015 онд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чухал ач холбогдолтой болж байна. ЮНЕСКО шинжлэх ухаан салбар дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаарх хэвшмэл ойлголтуудыг халахын төлөө идэвхтэй тэмцэж, эмэгтэй эрдэмтдэд нэр хүндтэй шагналууд/жишээ нь, Л'Ореал-ЮНЕСКО/, залуу судлаачдад янз бүрийн тэтгэлэг олгож байна.


Учир нь, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхээс эхлээд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн хүчин зүтгэл, авьяас чадвар хэрэгтэй болжээ. Иймээс нийгэмд тогтсон хуучинсаг ойлголтоос ангижирч, эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдийн адилаар шинжлэх ухааны нээлт хийж чадвартай гэдгийг харуулах үүднээс аль болох олон эмэгтэйчүүдийг эл салбарт татан оролцуулж, эрдэм шинжилгээ-судалгааны ажилд олон талт байдлыг бий болгох нь авьяаслаг судлаачдын хүрээг тэлж, хэтийн шинэ ирээдүйг бий болгох учиртай.

 

Холбоотой мэдээ