Ц.Баатархүү: Ногоон дата төв байгуулснаар гадаадын технологийн байгууллагын өгөгдлийг хадгалах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-10 16:16:41

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс ногоон дата төв шинээр байгуулахыг зорьж байна. Өргөн уудам газар, цаг уурын онцлог тохирсон нутагт хууль эрх зүйн зөв орчин бүрдүүлснээр ногоон дата төвөөрөө дамжуулан гадаадын томоохон технологийн байгууллагын өгөгдлийг найдвартай хадгалах цоо шинэ эдийн засгийн коридор, гарц харагдаж байгааг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү мэдээллээ.


Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн төслийг энэ сарын 13-нд танилцуулахтай холбогдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр ярихдаа, “Шинэ технологи нэвтүүүлье гэвэл олон улсын түвшний ногоон дата төв байгуулахгүй бол цахим шилжилт саатах эрсдэлтэй. Мөн дижитал шилжилтийг амжилттай хийхэд эрчим хүчний дутагдал байгаа тул энэ салбарт еформ хийх шаардлагатай. Ногоон дата төвийг байгуулж чадвал эдийн засгийн олон боломж нээгдэж, хиймэл оюуны тооцооолол хийдэг процессорууд их өгөгдөлийг найдвартай аюулгүй хадгалах боломжтой” хэмээв.


Шинэ дата төвийг Төв аймгийн Зуунмод хотод байгуулах зураг төсөл хийгээд байгаа бөгөөд одоогоор 4000 орчим төрийн байгууллагын вэбсайтыг нэгтгэн, gov.mn байршуулж байна. Үндэсний дата төв одоогоор 90 хувийн ачаалалтай ажиллаж байгаа. 

Холбоотой мэдээ