Энэтхэгийн Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны хоёрдугаар сарын 7 /Reuters/. Энэтхэгийн Төв банк бодлогын хүүгээ сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа буурууллаа. Өнгөрсөн онд дэлхийн улсуудын олон төв банк бодлогын хүүгээ бууруулсан бол инфляцын улмаас Энэтхэг улс хүүг өндөр түвшинд барьсаар ирсэн юм.
Энэтхэгийн Нөөцийн банкнаас /RBI/ мэдэгдсэнээр, бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулж, 6.25 хувь болгохоор шийдвэрлэжээ. Хэдийгээр инфляц
5.22 хувь болж буурсан боловч зорилтот түвшин болох 4 хувиас давсан
хэвээр байна. Нөөцийн банк
хамгийн сүүлд бодлогын хүүгээ 2020 оны тавдугаар сард бууруулж байв.
Өнгөрсөн оны
дөрөвдүгээр улиралд хэрэглээний
зардал буурч, үйлдвэрлэл саарснаас
үүдэн Энэтхэгийн эдийн засаг
шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаас доогуур өсөлттэй байсан юм. Өнгөрсөн онд эдийн засаг 8 хувиар тэлсэн бол ирэх онд 6.7 хувиар өснө гэж таамаглаж байна.
Нөөцийн банкны
тэргүүн Санжай Малхотра 2025, 2026 онд инфляц үргэлжлэн буурах төлөвтэй
байгааг дурдаад, банк одоо
өсөлтийг эрчимжүүлэхийг
чухалчилж байна гэж мэдэгджээ. “Одоогийн өсөлт-инфляцын динамикийг тооцвоос мөнгөний зөөлөн бодлого илүү тохиромжтой” гэж тэрбээр хэллээ.
Энэтхэгийн Засгийн
газар улсын төсөвт орох орлогын албан татварын хэмжээг бууруулснаас хойш хэдхэн хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тус улсын
эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн сарын хугацаанд саарсан нь хотуудад хэрэглээ буурсантай холбоотой ажээ. Хотын оршин суугчид инфляц, өндөр татвараас шалтгаалан бага
зардал гаргах болжээ. 2024
оны нэгдүгээр сард Энэтхэгийн
Ерөнхий сайд Нарендра Моди ирэх 20 жилийн хугацаанд Энэтхэгийг хөгжингүй
орон болгох “Виксит Бхарат” төлөвлөгөөгөө танилцуулсан юм.