Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-23 15:49:52

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас 2024 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2025 ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг зохион байгуулж байна.


Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 60 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм. Энэ үеэр үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгсэл, цахим хөгжил, инновац, кибер аюулгүй байдал, удирдах ажилтны сэтгэл зүй ба хөгжил, стресс менежментийн талаар холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд мэдээлэл өгөв.


Цугларалтад оролцсон Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газарзүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь үр дүнтэй байх болно. Цаашид бүс, орон нутагт явагдах аливаа бүтээн байгуулалтын төлөвлөлт, мега төслүүд гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан, эрсдэлийг тооцсон байх нөхцөл шаардлагыг хангах болон гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг орон нутгийн удирдлагууд, шийдвэр гаргагчдад ойлгуулах, тэдгээрийг бодит, шуурхай мэдээ, мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь онцгой байдлын байгууллагын бүх шатны удирдлагын үүрэг байх учиртай” гэлээ.




“Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” хөтөлбөрт гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд стандартад нийцсэн, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, орон зайн мэдээлэл, харилцаа холбооны инновац, шинэ технологийг ашиглах, цаашлаад хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн ур чадварын шилжилтийн стратегийг тусгаж, хэрэгжүүлнэ.











Холбоотой мэдээ