ДОРНОГОВЬ: “Их говийн тэмээ-2025” наадмыг хоёрдугаар сарын 7-8-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-01-20 15:14:52

Сайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, Монгол тэмээн соёл уралдааны холбооны Дорноговь салбар хамтран “Их говийн тэмээ-2025” наадмыг хоёрдугаар сарын 7-8-нд Сайншанд сумын нутаг Хилэнцтэй хөшөөний орчимд зохион байгуулна.


Монгол тэмээг сурталчлах, тэмээний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт наадмын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн, тэмээний соёлыг өвлөн уламжлагчдын дунд ур чадварын тэмцээн, атан тэмээ, тором, тайлагны уралдаан, ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдааныг зохион байгуулна.


Ташрамд, 2023 онд Дорноговь аймаг 54537 тэмээ тоолуулж байсан бол 2024 оны жилийн эцсээр 58119 толгой болж өмнөх оныхоос 4000 орчмоор нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ