Х.Кварацхелия ПСЖ-д иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС. 2025 оны нэгдүгээр сарын 18 /ТАСС/. Гүржийн хагас хамгаалагч Хвича Кварацхелия Францын “Пари Сен-Жермен” клубтэй 2029 он хүртэлх албан ёсны гэрээ байгуулсан тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээллээ.
Спортын сэтгүүлч Романогийн
мэдээлснээр, Хвичаг авахын тулд тус клуб 70 сая евро төлсөн байна. Энэ бол өвлийн
солилцооны цонх нээгдсэн үед байгуулсан хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ учраас хэвлэлүүд
онцолж байгаа юм.
Италийн “Наполи” багаас явж буй Х.Кварацхелия
Инстаграмм хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ “явна гэхэд хэцүү байна, гэхдээ
баяртай гэж хэлэх цаг мөч иржээ. Энэ клубт би гайхамшигтай цаг хугацааг өнгөрүүлж, ер
бусын сэтгэл хөдлөлийг мэдэрч байсан” гэжээ.
Кварацхелия бол Францын хөл
бөмбөгийн дээд лигт ирж буй Гүржийн найм дахь хөлбөмбөгчин бөгөөд түүнээс өмнө
Амиран Саная, Лука Кикабизе, Георгий Макаризе, Гия Гурули, Жорж Микаутазе,
Зурико Давиташвили, Жаба Канкава нар Францын багуудад тоглож байв.
Өдгөө 23 настай Кварацхелия “Наполи”-д
2022 оноос хойш тоглосон бөгөөд 2023 онд Италийн аварга болжээ. Энэ улиралд
тэрбээр 19 тоглолтод оролцохдоо 5 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт хийсэн
байна.
Италид ирэхээсээ өмнө Гүржийн хөлбөмбөгчин Оросын Казань хотын “Рубин”,
Москвагийн “Локомотив” клубүүдэд тоглож байсан бөгөөд 2019 онд Оросын АШТ-ний
мөнгөн медаль, Оросын цомыг хүртэж байв. Харин Гүржийн шигшээгийн бүрэлдэхүүнд
40 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулж, 9 удаа оновчтой дамжуулалт хийжээ.
Хвичагийн тоглох гэж буй ПСЖ баг 17 тоглолтод 43 оноо авснаар Францын
аварга шалгаруулах тэмцээний хүснэгтийг тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр “Ланс”
багтай талбайд нь тоглоно.