Үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан БНСУ-ын “КОПИА” Монгол төвийн захирал У Мён Гюү, төслийн Монгол талын удирдагч Ж.Шинэхүү, төсөл хариуцсан ахлах ажилтан Г.Балжиннямыг хүлээн авч уулзлаа.
“КОПИА” Монгол төв нь Монголд “Ногоон тэжээл тариалах
технологи хөгжүүлэх”, “Монгол оронд тохиромжтой махны үхэр үржүүлэх”, “Монгол
оронд тохиромжтой ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийг нутагшуулах
загвар сум” төслийг хэрэгжүүлдэг бол энэ онд “Монгол оронд тохиромжтой үхрийн
аж ахуйн дэвшилтэт загвар бий болгох” төслийг эхлүүлэх юм.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ төсөл Засгийн газраас баталсан
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих ёстойг сануулаад, мал аж ахуй,
газар тариаланг хослуулан, мах, сүүний чиглэлийн үхрийг төвийн бүсэд хөгжүүлэх бодлогыг
танилцууллаа.
Тэрбээр, БНСУ-ын хүнсний стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг
тус улсын зах зээлд нийлүүлэх, малын үүлдрийг сайжруулах, ногоон тэжээлийн
тариалалтыг нэмэхэд анхаарч байна. Манай улсад хүнс, хөдөө аж ахуйн салбарын
бүтээгдэхүүний үлгэр жишээ загвар бий болгоход КОПИА төсөл гол үүрэгтэй оролцох
ёстой. Тиймээс төслийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Малчин,
тариаланч, орон нутгийн засаг захиргаа, Засгийн газрын бодлого хамтдаа хэрэгжих
тул хөдөө аж ахуйн загварыг бий болгох нь тэргүүний зорилт байх болно гэдгийг
онцлов.
“КОПИА” Монгол төвийн захирал У Мён Гюү “Монголын малын
гаралтай бүтээгдэхүүний гарц БНСУ-тай харьцуулахад 62 хувиар бага судалгаа бий.
Тиймээс малын ашиг шим, бүтээгдэхүүний гарцыг нэмэх, Монгол оронд тохиромжтой
үхрийн аж ахуйн дэвшилтэт загвар бий болгоно. Малын тооноос хамаарсан
бэлчээрийн доройтол, удмын сантай холбоотой тоо толгой багасаж байгаад
анхаарна. Ферментжүүлсэн тэжээлийн үйлдвэр байгуулж, ашигтай бичил биетийн
шингэн үйлдвэрлэх боломж бий болгоно. ХХААХҮ-ийн сайдын хэлсэн саналуудыг
төсөлд тусган богино хугацаанд үр дүнд хүрэхэд хичээнэ” хэмээжээ.
Төсөл нь ферментжүүлсэн багсармал тэжээл боловсруулахыг
эрчимжүүлж, малын чанар, ашиг шим, өрхийн орлого, хэрэгцээт тэжээлийн нөөцийг сайжруулах
зорилгоор зохиомол хээлтүүлгийн технологийг нэвтрүүлж, ажиллах хүчин бэлтгэх
зорилготойг ХХААХҮЯ мэдээллээ.