ХОВД: Долоо хоног бүрийн баасан гарагт бүх нийтийн цэвэрлэгээ хийж хэвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-16 14:22:58

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумынхан долоо хоног бүрийн баасан гарагт халтиргаа гулгааг багасгах, хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулж, хэвшил болгох тухай уриалга гаргажээ.     

Тус сумын Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу цаашид баасан гараг бүр байгууллагууд гадна талбайгаа болон ойр орчны зам талбайн хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх ажлыг өрнүүлэх юм.  Уг шийдвэрт тус суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд  өөрийн эзэмшлийн болон ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам талбайд үүссэн хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэхийг уриалсан байна. 


Орчны цэвэрлэгээ хийх уг ажил өмнөх долоо хоногийн баасан гарагт эхэлсэн ба 30 гаруй төрийн байгууллага нэгджээ.  Цаашид Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид тусгай хуваарийн дагуу байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудад цэвэрлэгээнд гарах  тухай мэдээлэл хүргэж, хамтран ажиллах юм. 




 

Холбоотой мэдээ