Д.Нарантуяа: Дэлхийд ганц босоо монгол бичгээрээ бид бахархан омогших ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн бага ангийн багш Дашжаргалын Нарантуяа Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” шүлгийг уран бичлэгээр бичиж, 60 гаруй бүтээл гаргажээ.
Торгон хуйлмал, муутуу цаасан дээр бичсэн бүтээлүүдээ, мөн арван хоёр жилийн тухай акрилк ашиглан бичсэн даавуун номоо уралдаанд сойхын зэрэгцээ сургалтын гарын авлага болгон ашиглаж байна.
“Үлэмжийн
чанар дуу нь мянган ногоон дарь
эх уншсантай тэнцдэг учраас хүмүүс
торгон хуйлмал дээр захиалан бичүүлж гэртээ залдаг” гэж байлаа.
Д.Нарантуяа багш аймгийн хэмжээнд жил бүр зохион байгуулдаг Чой Лувсанжав багшийн нэрэмжит монгол бичгийн төрөлжсөн олимпиадад тасралтгүй 10 жил тэргүүлж, улсын 5, 7 дугаар олимпиадын алт, 6 дугаар олимпиадын мөнгөн медалийг авчээ. 2016 онд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тусгай байрт шалгарч байв.
Тэрбээр дунд сургууль, их сургуульдаа монгол бичиг заалгаж байсан ба 2022 онд уран бичлэгийн сургалтад хамрагдаж, бийрийн бичлэгээр бүтээлүүд туурвиж байна.
“Монгол бичиг маань босоо учраас үзэмжтэй, гоёмсог харагддаг. Мянга гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээ сэргээж, төрийн албан хэрэгт оруулж байгаа нь сайшаалтай. Үүнийг улам дэлгэрүүлэн хөгжүүлж, үр хойчдоо заан сургах нь бидний үүрэг юм. Дэлхийд ганц босоо монгол бичгээрээ бид бахархан омогших ёстой” хэмээн тэрбээр ярив.
Мөн анхлан суралцагчдад хандан “Монгол бичгийг сурахын тулд үгийг маш сайн галиглаж сурах, галиглахдаа үе үеэр нь уншиж тогтоох, хичээнгүй цэвэр сайхан бичихийн тулд уйгагүй сууж бичих хэрэгтэй. Шантарч ерөөсөө болохгүй. Ингэж хичээж чадвал өөрөө аяндаа үгийг цээжиндээ галиглаж, түүнийгээ цаасан дээр буулган бичих чадвартай болчихдог” гэлээ.


